ХОВД, БАЯН-ӨЛГИЙ, УВС АЙМАГТ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ
1135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг жил бүр бусад аймагт хугацаат цэргийн алба хайж буй цэргүүдээ эргэдэг уламжлалтай. Энэ жил Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р анги, Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 340-р анги, Увс аймгийн Хилийн 0311-р ангийн зургаан заставт ажиллаж 260 гаруй цэргүүдтэй уулзлаа. Завханы цэргүүд цол нэмж, урлаг, спорт, буудлага зэрэг олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын гарын бэлэг, ар гэрээс нь явуулсан захидал, бэлэг зэргийг өгч, цэргүүдийнхээ алба хааж буй ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, урлагийн тоглолтоор үйлчиллээ. Цэргүүд алба хаах өндөр сэтгэл зүйтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн хангагджээ.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан анги салбарын бүтээн байгуулалт, цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ангид 300.0 мянга, заставуудад 100.0 мянган төгрөг хандивлалаа. Эх орныхоо торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн цэргүүдээ эргэн ирж байгаад цэрэг дайчид төдийгүй анги байгууллагын удирдлагууд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

 

2018-03-28 13:54:33