ТАВАН ЧИХИЙН АМНЫ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
747 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улиастай хотын хогийн төвлөрсөн цэг гэж нэрлэгддэг “Таван чихийн ам”-ны хогийг яаралтай цэгцлэхгүй бол гол усруу орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюул тулгараад байна. Тиймээс аймгийн удирдлагууд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа. 1988 оноос хойш энэхүү 7,5 га талбайд Улиастай сумын иргэд хог хаягдлаа төвлөрүүлжээ.  Энд өдөрт 100 гаруй куб.метр хог, зуны улиралд барилгын ажил явагдах үеэр илүү их хог асгадаг бол сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо хаядаг гэнэ. Айл өрх, уурын зуухнууд үнс нурмаа асгаснаас хог байнга шатаж, эргэн тойрон өмхий үнэрээр дүүрчээ.

Гуч орчим жилийн хугацаанд  хуримтлагдсан энэ хогийг түрж тэгшлэхээс өөрөөр арга хэмжээ авч чадаагүй байна. Түрж тэгшлэх нь нэг хогийг нөгөө тийш нь зөөсөнтэй адил үр дүн багатай арга юм. Харин “Сүмсүндэр өргөө” ХХК таван чихийн амны хогийн цэгийг тойруулан хамгаалалтын хашаа татаж, хогийг дарж булах, зарим газрыг нөхөн сэргээх, малын сэг зэмийг дарах нүх ухах зэрэг төлөвлөгөөний дагуу тохижилтын ажлыг хийж байна.  Авто замын ажил гүйцэтгэж байсан “Тэнгэр уул констракшн” ХХК энэ хогийн цэгээс нэг км орчим метр зайд  карьер ухсан ч  одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй аж. Тиймээс тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-04-11 19:47:45