Монголын ард түмний үнэт өв соёл болсон эрийн гурван наадмын нэг Үндэсний сурын харвааг орон нутагтаа өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар 24 суманд сургалт зохион байгуулж эхлээд байна. 1990 оноос хойш 28 жилийн хугацаанд Завхан аймгаас Дархан мэргэн 1, Даян мэргэн 2, Улсын мэргэн 4, Улын гарамгай харваач 2, Улсын гоц харваач 3 төржээ. Үндэсний сурын спортын мастер, дэд мастер 40 төрж, Монгол Улсын хэмжээнд Завхан аймгийн харваачид өнгөлж байна. Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон, түүний аав Монгол Улсын гарамгай харваач Х.Баасанхүү, Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн Санжаасүрэнгээр ахлуулсан багууд гурван бүсэд хуваагдан сум бүрт гурав хоногийн хугацаатай хичээл сургалт явуулж байна. Сургалтанд одоогоор 9 сумын 500 орчим хүн хамрагджээ.
Сургалтанд хамрагдсан иргэдийн дунд тэмцээн зохион байгуулж сум бүрээс шалгарсан эрэгтэй 3, эмэгтэй 3 харваачийг 05 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Улиастай хотод болох аварга шалгаруулах, үр дүн тооцох тэмцээнд оролцуулна. Цаашид харваачдыг тухайн жилийн тэмцээнүүдийн дүнг харгалзан шалгаруулж, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийснээр Улсын баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцуулах юм байна. Сургалтын үр дүнд 1000 орчим харваач бэлтгэгдэж, сум бүрт “Сумын үндэсний сурын харвааны холбоо”-г байгуулснаар Монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн сурын харваа 24 суманд жигд хөгжих боломж бүрдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ