“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ
568 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж “Хүний эрхийн нээлттэй өдөр” үйл ажиллагааг хоёр өдөр зохион байгууллаа. Энэ үеэр хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэхээс гадна, иргэд олон нийт, төрийн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудын хүний эрхийн тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр, аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх эрүүлжүүлэх, баривчлах байр, эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийлээ. Мөн Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд тусгай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн юм.

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд хоёр өдрийн турш иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн иргэдтэй уулзалт зохион байгуулж тэдний асуултуудад хариулт өгсөн юм. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хүний эрх” сэдвээр багц цаг олгох хоёр өдрийн тусгай сургалт зохион байгуулсан бол аймгийн Засаг дарга, ИТХ-ын шийдвэрт дүн шинжилгээ хийж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Одоогоор Завхан аймагт хүний эрх зөрчсөн ноцтой асуудал байхгүй байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-04-13 19:30:15