ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО
1020 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан бол Завхан аймаг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлаж, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадах байх, иргэдээрээ төрийн ажлыг үнэлүүлдэг байх, иргэн төвтэй төртэй болох зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард “Төрийн албаны удирдах ажилтны манлайлал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулж, 24 сумын 300 гаруй удирдах албан тушаалтан оролцсон юм. Тэгвэл энэ удаад төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх бүсийн сургалтыг Сонгино суманд зохион байгуулж,  хойд бүсийн 8 сумын 160 орчим төрийн албан хаагч оролцлоо. Энэ үеэр зөвлөгөөнд оролцогч сум бүр 2018 онд аймаг, сумаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд тодорхой сэдвээр илтгэл тавьж, 2017, 2018 онд шинээр санаачилсан ажлаа тайлагнаж харилцан туршлага солилцлоо. Мөн бодлогын бичиг баримт боловсруулах, тайлагнах, төлөвлөх, албан хэрэг боловсруулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлага, төрийн албаны стандарт, зөрчлийн тухай хууль болон захирамж, тушаалын эрх зүйн үндэслэл зэрэг сэдвээр нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр төрийн албан хаагчдаас дөрвөн төрлийн ур чадварын шалгалт авлаа. Тухайлбал, ажил мэргэжил, хууль тогтоомжийн дагуу албан хэрэг боловсруулах ур чадварын уралдаан, харилцан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албаны стандарт, бодлогын баримт бичиг, албан хэрэг хөтлөлт, Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, ёс зүйн дүрэм зэрэг сэдвээр тестийн шалгалт авч дүгнэлээ.

Сумдын төрийн албан хаагчид ажлын хувцасаараа жигдэрч, энгэрийн тэмдгээ зүүж хэвшжээ. Энэхүү бүсийн сургалтыг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд багийн ажиллагааг сайжруулах зорилгоор спорт, соёл урлагийн зургаан төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлдөж, нэгдсэн дүнг гаргалаа. Энэ жилийн шилдэг сумаар Түдэвтэй сум шалгарсан бол дэд байрт Тэс сум, гуравдугаар байрт Сонгино сум шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн ур чадварын дөрвөн төрлийн уралдаанд хамгийн өндөр оноо авсан төрийн албан хаагчдыг авсан онооных нь хувиар цалингийн урамшуулал олгохоор боллоо. Дараагийн бүсийн сургалтууд зүүн, урд, говийн бүсэд болно. Харин төрийн албан хаагчдын гурав дахь шатны зөвлөгөөнийг сум бүр өөрсдөө зохион байгуулах юм. Ингэснээр бүх шатны төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүрнэ гэж харж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-04-18 13:49:15