1963 онд байгуулагдсан 55 жилийн түүхтэй Завхан аймгийн Тэлмэн сумын цэцэрлэгийн 120 гаруй хүүхэд 50 хүүхдийн багтаамжтай, аж ахуйн аргаар барьсан барилгад 12 жил үйл ажиллагаагаа явуулсан билээ. Тэгвэл Япон улсын Засгийн газрын 711 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны долдугаар сард эхлүүлсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орлоо. Гүйцэтгэгч “Кэнжикү” ХХК Тэлмэн сумыг төвлөрсөн халаалт, шугам сүлжээтэй "Жишиг сум" болно гэж тооцоолсон зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэсэн учраас нэмэлтээр халаалт, цэвэр ус, худаг, гадна инженерийн шугам сүлжээ зэрэг ажлыг хийхэд 200 сая төгрөг шаардлагатай болсон аж. Энэ санхүүжилтыг БСШУСЯам шийдвэрлэснээр ийнхүү хөдөөгийн хүүхдүүд нийслэл хотын хүүхдүүдийн нэгэн адил дотроо цэвэр, бохир устай, дулаан, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдлээ. Шинэ байртай болсноор хүүхдүүдийн ирц, идэвх сайжирч сургалтын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч эхэлжээ. Мөн “Багшийн хөгжлийн төв”-тэй болж багш нар өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бүрдсэнийг хэлж байлаа.
Тэлмэн суманд цэцэрлэгийн насны 325 хүүхэд байдаг. Одоогоор тус цэцэрлэг 135 хүүхэдтэй дөрвөн бүлгээр хичээллэж байгаа бол хоёр бүлгийг шинээр нээхээр төлөвлөжээ. Цаашид хуучин цэцэрлэгийн барилгыг ашиглан долоо хүртэлх бүлгийг ажиллуулж, хамран сургалтаа нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.
Б.Оюун-Эрдэнэ