АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
1105 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан салбар бүрийн төлөөлөлтэй "Өглөөний цай" уулзалт зохион байгуулж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг хамтдаа ярилцаж, тодорхой шийдэлд хүрэхийг зорьдог билээ. Энэ удаад Улиастай сумын газар тариалан эрхлэгчидтэй өглөөний цай ууж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, харилцан ярилцлаа. Тун удахгүй хаврын тариалалт эхлэх энэ үед ногоочдод тулгамдаж буй цөөнгүй асуудал байгааг хэллээ. Тухайлбал тариалалт хийхэд ХХААГ-ын хоёр трактор хүрэлцдэггүй, хувийн тракторууд хэт өндөр үнэтэй үйлчилдэг учраас ухагч, хагалагчтай трактортой болгох асуудал дээр дэмжлэг үзүүлэх, олон жил яригдсан гэрэл цахилгаантай болгож өгөх асуудлыг шийдвэрлэх, хүлэмжийн төв байгуулах, төсөл хөтөлбөрийн зээлд хамруулах зэрэг асуудлыг аймгийн Засаг даргад уламжиллаа. Энэ уулзалтад мөн аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар оролцон тодорхой мэдээлэл өгч, асуултуудад хариулт өгч ажиллалаа.

Уулзалтын үр дүнд газар тариалан эрхлэгчдийг нэн түрүүнд ухагч, хагалагчтай шинэ трактортой болгох асуудлыг шийдвэрлэж, ногоочдын хэсэгт эрчим хүчний шугам татах асуудлыг ирэх жилийн үндсэн чиглэлд тусгах, "Хүлэмжийн төв" байгуулах,  тариаланчдыг төсөл хөтөлбөрийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ийнхүү аймгийн Засаг дарга энэ удаад Улиастай сумын газар тариалан эрхлэгчидтэй "Өглөөний цай" уулзалтыг зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-05-12 11:07:14