“Зам сайжирлаа, Завхан ойртлоо” хэмээн хүн бүр ам бардам хэлэх үе тун удахгүй ирэх нь ээ. Зам сайжрахын хэрээр Завхан нутгийн ард түмний амьдрал ахуй дээшилж, хөгжил дэвшил рүү илүү хурдтай урагшлах нь гарцаагүй билээ. Загастайн давааны замаа засч сайжруулснаас гадна өнгөрсөн жил Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай автозамын ажил эрчимтэй явагдаж 60 км зам ашиглалтанд орсноор иргэдийнхээ цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж буй бодит үр дүн гарч байна. Тэгвэл энэ жил 114 км хатуу хучилттай замыг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж гүйцэтгэгч компани ажлаа эхлүүллээ. Загастайн давааны 67 км замын ажлыг гүйцэтгэх тендерт БНХАУ-ын “СССС” ХХК шалгарч, ажлаа эхлэхэд бэлэн боллоо. Мөн Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажлыг БНХАУ-ын компани концессийн гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс ажлаа эхлүүллээ. 167 км хатуу хучилттай автозамыг 2019 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Тэлмэн сумын Нуур багаас эхэлсэн энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн сумууд хатуу хучилттай автозамтай болно. Ийнхүү энэ жил Завхан аймагт гурван чиглэлд хатуу хучилттай автозамын барилгын ажил явагдана.
Б.Оюун-Эрдэнэ