Монголын ард түмний үнэт өв соёл болсон эрийн гурван наадмын нэг Үндэсний сурын харвааг орон нутагт өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар үндэсний сурын сургалтыг 24 суманд зохион байгууллаа. Үндэсний сурын спортын төрөлд Монгол Улсын хэмжээнд Завхан аймгийн харваачид өнгөлдөг. Цаашид энэ амжилтаа тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон, Монгол Улсын гарамгай мэргэн Х.Баасанхүү, Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн Санжаасүрэнгээр ахлуулсан багууд гурван бүсэд хуваагдан үндэсний сурын сургалтыг сар гаруйн хугацаанд зохион байгуулсны үр дүнд шинээр 1000 харваач бэлтгэж, Завхан аймаг нийт 1111 харваачтай боллоо. Сургалтад хамрагдсан иргэдийн дунд сум бүрт тэмцээн зохион байгуулж, насанд хүрэгчид, хүүхдийн эрэгтэй, эмэгтэй төрөлд шалгарсан 300 гаруй харваач Улиастай хотод эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. “Амжилтын төлөө” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгаас төрсөн үндэсний сурын спортын алдартнууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Завхан аймгийн Засаг дарга Батсайханы ивээл дор Монголын үндэсний сурын харвааг 24 суманд хөгжүүлэх "Даян мэргэн" сургалтын хүрээнд зохион байгуулсан "Амжилтын төлөө" харваанд багийн дүнгээр Тосонцэнгэл сумын харваачид тэргүүн байр эзэлж цомын эзэн боллоо. Дэд байрт Дөрвөлжин сумын баг, гуравдугаар байрт Алдархаан сумын баг тус тус шалгарлаа.
Цаашид харваачдыг тухайн жилийн тэмцээнүүдийн дүнг харгалзан шалгаруулж, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийснээр Улсын баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцуулах юм. Сум бүрт “Сумын үндэсний сурын харвааны холбоо”-г байгуулснаар Монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн сурын харваа 24 суманд жигд хөгжих боломж бүрдэж байгаа юм.