ХИМИ, БИОЛОГИЙН ЗУРГААДУГААР ОЛИМПИАД БОЛОВ
865 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Этүгэн” их сургуулийн нэрэмжит хими, биологийн нэгдсэн зургаадугаар олимпиад Идэр суманд боллоо. Энэхүү олимпиад нь сурагчдын хими, биологийн сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгийг сорьж, авьяас чадварыг илрүүлэх, шилдэг сурагчдыг Этүгэн Их сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зорилготой юм. Арван хоёрдугаар ангийн сурагчид, багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад энэ жил Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Их-Уул, Нөмрөг, Тэс, Баянтэс, Завханмандал, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөл аймгийн Мөрөн, Галт сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ЕБС-ийн төгсөх ангийн 120 гаруй сурагч, 20 гаруй багш оролцлоо. Тэргүүн байрт шалгарсан сурагч Этүгэн Их сургуульд хүссэн мэргэжлээрээ нэг жил 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнуулсан бол эхний арван байрт шалгарсан сурагчид тус сургуульд 20-50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй боллоо.

Энэ жилийн олимпиадын багш нарын төрөлд тэргүүн байрыг Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш Ц.Чимэдрэгзэн, дэд байрыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн багш П.Гансүх, гуравдугаар байрыг Завхан аймгийн Сонгино сумын ЕБС-ийн багш С.Роломжав эзэллээ. Арванхоёрдугаар ангийн сурагчдын төрөлд тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн сурагч Л.Ганцэцэг, дэд байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Чимэдцэрэн, гуравдугаарт байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Баасансүрэн нар тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-05-23 18:30:06