Монгол Улсын Засгийн газраас баталсан “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын гишүүд нийслэл хот болон 21 аймгийг хариуцан ажиллаж байна. Завхан аймгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хариуцаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг Тэлмэн суманд зохион байгууллаа. Тэрээр мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, бодлого, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаас гадна тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх юм. Энэ удаад мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцсанаас гадна аймгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өглөө.
Завхан аймаг эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний зардалд 269.7 сая төгрөг, бэлчээрийн ашиглалт, усан хангамжийг сайжруулах зорилгоор гүний худаг гаргахад 75 сая төгрөг, Гамшгаас хамгаалах чиглэлээр аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд 100 сая төгрөг, Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжихэд 20 сая төгрөг зэрэг нийт 469.7 сая төгрөг тусган ажиллаж байна. Харин аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 198.8 сая төгрөг зарцуулаад байна.
2017-2018 оны өвөл, хаврын улирлыг хохирол багатай давахад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Завхан аймагт 850 тн өвс үнэгүй, 900 тн тэжээл 50 хувийн хямдралтай үнээр олгосноос гадна Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, хилийн 0277 дугаар ангид тус бүр 35 сая төгрөгийн хантер автомашин, гамшиг ослын голомтод ажилласан алба хаагчдын томилолт урамшууллын зардалд 61.6 сая төгрөг, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд учирсан хохирлыг арилгахад 183.6 сая төгрөг болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажилласанд Завхан аймгийн нийт ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Цаашид мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай 94 сая төгрөг, Тэлмэн, Цагаанхайрхан суманд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардал 55.6 сая төгрөгийг шийдвэрлүүлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг санал хүсэлтийг уламжиллаа.
Б.Оюун-Эрдэнэ