Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2018 онд Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын 2018 оны А/191 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд түлхэц өгөх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын ивээл дор цэрэг спортын аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Баянхайрхан, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн , Тэс, Улиастай сумын 12 сургуулийн баг тамирчид оролцсон бөгөөд 2017 оны Улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээний удирдамжид нийцүүлэн зохион байгуулсан нь өмнөх жилүүдээс онцлогтой байлаа. Мөн тасгуудын бэлтгэл, ур чадвар илүү сайжирсан нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болголоо. Дасгалжуулагч багшийн тэмцээн, Ханын сонин бүтээх тэмцээн, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот дасгал, мэндчилгээ, тасгийн ур чадварын тэмцээнүүд, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэх, гурван километр замд марш гүйлтийн тэмцээн тус тус зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Нийлбэр дүнгээр Н.Дагвадорж захирагчтай Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лоборатори сургуулийн тасаг тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байруудад Д.Хатансүлд захирагчтай Улиастай сумын гуравдугаар сургууль, Д.Батбумба захирагчтай Жавхлант цогцолбор сургууль, Б.Пүрэвпэлжээ захирагчтай Их-Уул сумын сургууль, Д.Сүх-Эрдэнэ захирагчтай Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургууль, Э.Гантулга захирагчтай Тэс сумын сургуулийн тасгууд тус тус шалгарлаа.
Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Марал “Дөл” тэмцээний шилдэг оролцогчоор шалгарч Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Шонхор зуслантай хамтран зохион байгуулдаг “Ирээдүйн генерал” реалити шоунд оролцох эрхийн бичгээр шагнууллаа. Даян-Очир зуслангийн захиргаанаас “Дөл” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан тасгийн 13 хүүхдийг долоо хоног үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнав. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тэмцээний нэг тусгай байрын шагналыг хариуцан ивээн тэтгэж хүүхдийн төлөө, эх оронч үзэл суртлыг дэмжин ажиллалаа.
Энэ жилийн “Дөл” тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Гэр бүл, хүүхэд, залуучуулын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.