УИХ-ын дэд дарга, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав сумдын нутгийн зөвлөлийн удирдлагуудтай “Өглөөний цай” уулзалт зохион байгуулж, цаашид хийх ажлуудын талаар санал солилцлоо. Тэрээр энэ үеэр сум бүрийн Нутгийн зөвлөлөөс санаачилга гарган өөр өөрийн сумандаа хоёр үйлдвэр байгуулахыг санал болгож хамтран ажиллахыг хүслээ. Ингэснээр ажлын байр нэмэгдэн иргэдийн орлого сайжирч, сумдын хүн амын шилжилт хөдөлгөөн багасна гэдгийг хэллээ.
Мөн 2018 онд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн баталлаа. Төлөвлөгөөнд “Завхан аймгийн хөгжилд залуучууд бидний оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, “Нутгийн гайхамшиг” аялал жуулчлалын үйл ажиллагаа хийх, Залуучуудын төрөлх нутгийнхаа түүх соёлын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн ахмад ажилтан, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийж лекц зохион байгуулах зэрэг 20 орчим ажлыг төлөвлөжээ. Уулзалтын үеэр Нутгийн зөвлөлийн санхүүжилтийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын төслийг хэлэлцүүлж нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.
Сумдын нутгийн зөвлөлийн удирдлагуудын зүгээс цаашид Нутгийн зөвлөлийн санжүүжилтийг үр дүнтэй зарцуулахад анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Тухайлбал, шинжлэх ухааны нээлт хийсэн, улс, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшуулахад түлхүү ач холбогдол өгөх ёстойг онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ