“ЭКО ЗАВХАН” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
818 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд сум, байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан оролцуулах, урамшуулах зорилгоор “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” уралдаант аяныг дөрөвдүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Уралдааныг “Шилдэг эко сум”, “Шилдэг эко байгууллага”, “Шилдэг эко хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн ангиллаар хагас, бүтэн жилээр дүгнэж урамшуулах юм. Уг аяны хүрээнд, албан байгууллага, сум бүр уул овоо, зам дагуух болон голын ай сав газруудыг хариуцан авч, хоггүй цэвэр, эко орчин бүрдүүлэх зорилтыг тавиад байна.

Шилдэг эко сум нь сумын төвдөө хоггүй орчинг бүрдүүлж, өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн байх, уул овоо тахилгатай газрууд, усны сан бүхий газрыг албан байгууллагуудад хариуцуулж цэвэрлэж хэвшсэн байх, Долоо хоног бүрийн Баасан гарагийг цэвэрлэгээний өдөр болгох, сумын төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэн стандартын шаардлага хангуулсан байх, сум хоорондын төв зам дагуух хог хаягдал, үхсэн мал, амьтны сэг зэмийг тухай бүр устган цэвэрлэж хэвшсэн байх, зам талбай болон зам дагуух ногоон байгууламжийн усалгааг тогтмол гүйцэтгэх хэвшсэн байх ёстой. Харин шилдэг эко байгууллага нь албан конторынхоо барилгаас тал бүр тийш 100 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж, тохижуулах ажлыг тогтмолжуулах, байгууллагынхаа харьяа сурталчилгааны самбар, хаягаа шинэчилж өнгө үзэмжийг сайжруулах, хариуцан ажиллаж буй уул овоо, голын ай сав дагуух цэвэрлэгээ, тохижилтыг үр дүнтэй, санаачилгатай зохион байгуулсан байх, хариуцсан нийтийн эдэлбэрийн зам талбайн тохижилт, хамгаалалт, цэвэрлэгээг тогтмолжуулах, албан контор, өрөө тасалгаанд эко орчин бүрдүүлэх, тохижилт соёлжилтыг сайжруулсан байх хэрэгтэй. Харин Шилдэг эко хэвлэл мэдээллийн байгууллагат уралдаанд аяныг сурталчилсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх, аянд байгууллагууд хэрхэн оролцож байгааг мэдээлэх, иргэд олон нийтийн мэдээллийн мөрөөр нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэх шаардлагыг тавьж байгаа юм.

 

Аймгийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг “Цэвэр орчин” уриан дор зохион байгуулж 3291 айл өрх, 343 албан байгууллагын 3796 гаруй албан хаагчид нийт 2851,3 га талбайгаас 1004,3 тонн хог хаягдал цэвэрлэлээ. Мөн 70940 малын сэг зэм, 1012 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 115 багийн нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй орхигдсон хур хог хаягдлын цэгүүдийг тогтоож, хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн бөгөөд хуулиар хориглосон газарт хууль бусаар хогоо хаясан зөрчлийг илрүүлж тухайн иргэнээр асгасан хогийг цэвэрлүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Одоогоор Алдархаан, Тосонцэнгэл, Сантмаргаз, Улиастай сумууд төвлөрсөн хогийн цэгийн талбайгаа багасган шууж тохижуулах ажлыг хийж байна. Алдархаан, Баянхайрхан, Сантмаргаз, Түдэвтэй, Тэс сум долоо хоног бүрийн Баасан гаригт нийтийн их цэвэрлэгээг хийж хэвшжээ.

 

2018-05-22 03:00:44