ИХ-УУЛ СУМЫНХАН МАЛЧДАА ЭРГЭВ
740 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр мал төллөх үеэр мал аж ахуйн таван багийн малчин өрхүүдээ эргэх  ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил  сумын Засаг даргын захирамжаар МЭҮТ-ийн дарга Д.Цогтоор ахлуулсан багийн Засаг дарга, хүний эмч, малын эмч, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 22-оос эхлэн багуудад ажиллаж  нийт 1253  өрхөөр орж, хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцлаа. Энэ үеэр хүн, мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн  гал түймрээс урьдчилан сэргийлэх  зорилгоор малчдад гарын авлага тарааж, жалга бүрт буй айлуудын эргүүл хийх хуваарийг танилцуулж баталгаажууллаа.  Мөн 2019 оны орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг танилцуулж, иргэдийн саналыг авч нэгтгэн холбогдох албан тушаалтнуудад хүргүүллээ. Их-Уул сумын нутгаар өвөлжилт  өнөтөй сайхан байсан ба отроор явсан малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд  тус сумын малын 95,6 хувь нь онд орж, төл бойжилт  94,5 хувьтай, жилбэ сайтай байна. ОНХС-ийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр малын тэжээлийн ургамал царгасыг  таван багт тус бүр нэг га талбайд тариалахаар боллоо. Ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд малчдад өвөлжөө, хаваржааны хашаагаа ариутгах,  үхсэн малын сэг зэмийг булж устгахыг үүрэг болголоо .

 

2018-06-13 09:49:14