ИДЭР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Т.БАЯНТӨР: ЭНЭ ЖИЛ СУМЫН ТӨВИЙН БҮХ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨВЛӨРСӨН ХАЛААЛТАД ХОЛБОНО
2339 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хутагт хувилгаадын өлгий, байгалийн үзэсгэлэн цогцолсон Идэр суманд он гарсаар олон шинэлэг ажлуудыг зохион байгуулсан байх. Энэ тухай ярилцахаасаа өмнө өнгөрсөн онд хийсэн томоохон бүтээн байгуулалт, шинэлэг ажлуудынхаа талаар эхлээд товч мэдээлэл өгөхгүй юу?

 

Өнгөрсөн жил Ялгуусан гэгээнтний арван долоодугаар дүр Данзинванчүг гэгээнтэнд Бат оршил өргөх Даншүг наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр 1938 оноос хойш хөдөө орон нутагт анх удаа Хүрээ цамын ёслолыг хийлээ. Мэдээж бүтээн байгуулалтын багагүй ажлын ард гарсан.  Сэнжит цохионоос сумын төв хүртэлх 5,2 км зам, сумын төв доторх 1,5 км замыг 14 хоногийн хугацаанд засварлах ажлыг Завхан АЗЗА ХХК-иар гүйцэтгүүллээ. Мөн сумын бүрэн дунд сургуулийн хичээлийн “Г” байрны засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэснээс гадна хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн 207 сая төгрөг, сумын ОНХС-ийн таван сая төгрөг, аймгийн ОНХС-ийн 65 сая төгрөг, нийт 277 сая төгрөгийн санхүүжилттэй дотуур байранд малчин өрхийн 60 хүүхэд амьдарч байна. Ингэснээр хөдөөгийн хүүхдүүд тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдлээ. Түүнчлэн “Жи мобайл” компанитай хамтран олон нийтийн үүргийн хөгжлийн сангийн хөрөнгө 212 сая төгрөгөөр дахин дамжуулах станцыг Мануустай багийн нутагт байрлуулснаар Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Яруу, Нөмрөг  сумын 10 гаруй багийн сүлжээ, харилцаа холбоо сайжирлаа.

 

Тэгвэл 2018 онд сумандаа ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөв?

 

Идэр сумын ОНХСанд 2018 онд 57 сая төгрөг хуваарилагдсан. Бид  энэ хөрөнгийн ихэнх хувийг сумын төвийн гол цэг, чиглэлүүдийг камержуулах, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, гудамж хашаануудыг хаягжуулах, цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн биеийн тамирын талбай байгуулах, явган хүний зам тавих зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулахаар төлөвлөөд ажлаа гүйцэтгэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр сумын цагдаагийн хэсэгт согтуурлын түвшин тогтоогч  хэрэгсэл Drager, торгуулийн хуудас хэвлэгч автомат машинтай болж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх цэгүүдийг иж бүрэн камержуулна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай цусны анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн хайрцаг зэрэг бусад тоног төхөрөөмжийг авч өгөхөөр төлөвлөөд байна. Дархан-Уул, Мануустай багууд багийн төвийн барилгатай болж эрчим хүчээр хангагдсан байгаа.2018 онд Загастай багийн төвийг шинээр барьж, төвийн эрчим хүчинд холбон ашиглалтанд оруулна.

 

Сум бүрМиний гоё сум” төслийн хүрээнд шинэлэг ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Танай сумын тухайд?

 

Дээр дурьдсан цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн биеийн тамирын талбай байгуулах, сумын төвийн тохижилтын ажлын зэрэгцээгээр “Сайн хашаа” шалгаруулах уралдааныг арван хоёрдугаар сард дүгнэхээр ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын дунд уралдаан зарласан. Мөн галын мод худалдан борлуулах, хог хаягдлын болон нядалгааны цэгийг ажиллуулах журмыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас шинэчлэн баталсан бөгөөд зохих стандартын дагуу хайс хамгаалалт, явган хүний зам тавьж бусад тохижилтын ажлыг хийнэ. 2018 онд сумын төвийн бүх албан газар, аж ахуй нэгж, зарим худалдаа үйлчилгээний төв салбаруудыг төвлөрсөн халаалтад холбоно.

 

Танай суманд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг оюуны томоохон наадмууд болдог. Энэ жилийн олимпиадууд өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болж өнгөрөв?

 

Ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний баяр, МУ-ын гавьяат эдийн засагч, Этүгэн их сургуулийн ТУЗ-ийн дарга С.Нямзагдын нэрэмжит хими-биологийн олимпиад, аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад- “Оюуны наадам” зэрэг аймаг, улсын чанартай томоохон наадмууд уламжлал болон явагдаад олон жил болж байна. Багш, сурагчид, эцэг эхчүүдийн тэсэн ядан хүлээдэг, оюун ухаан, хөдөлмөрөө үнэнч шударгаар үнэлүүлж чаддаг эдгээр оюуны наадмуудаа Идэрчүүд зохих бэлтгэлээ хангаж, амжилттай зохион байгууллаа. Зөвхөн эх хэлний баярт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Дорнод аймгийн Чойбалсан хот зэрэг нийт 8 аймаг, нийслэл хотын дүүргүүдийн 1400 гаруй багш сурагчид өрсөлдөж, түрүүлсэн багш таван сая төгрөг, нэг сая төгрөгийн үнэ бүхий 15 цэн мөнгө, таван цэн алт орсон энгэрийн тэмдэг, хүүхэд 250 мянгаас 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн шагналаар шагнуулж амжилтаа үнэлүүлэн урьд өмнө байгаагүй жишиг тогтоолоо. Эдгээр оюуны наадмуудыг байнга ивээн тэтгэж, үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт  хийдэг “Шинэ ази майнинг” группын ерөнхийлөгч Л.Төрбаяр, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон тэдний баг хамт олонд Идэр нутгийнхаа ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

Малчид руугаа чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

 

Төрийн байгууллагууд ажлаа уялдуулан ажлын хэсэг гаргаж малчдаараа орж хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж санал бодлыг нь сонсоод ирлээ. Аймгийн Онцгой комиссоос гаргасан 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж малын сэг зэмийг устгах зааварчилгаа өглөө. Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж эхний ажлууд хийгдэж байна. Сумын газар тариалангийн гол бүс Мануустай багийн нутаг улсын чанартай төв зам дагуу байрладаг. Манай суманд анх удаа бэлчээр тэжээлийн олон наст ургамал болох Шар царгасыг 50 га талбайд Мерси Кор олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттайгаар тариалж энэ жил эхний ургацаа авна. Малчдад тэжээлийн ургамал тариалах талбай гаргаж фермер, эрчимжсэн мал аж ахуй хослуулан эрхлэх эхний бэлтгэл ажлуудыг хангаад байна. Манай сум тавдугаар сарын хоёрноос гуравны өдрүүдэд “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” зохион байгуулж, дөрвөн багийн 350 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцлоо. Уулзалтын үеэр аймгаас эмч нарын баг ирж эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж, Дэлхийн зөн, Мерси Кор олон улсын байгууллагуудаас эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Энэ арга хэмжээг төсвийн хөрөнгөөр бус тухайн жилд улс, аймаг, сумын аварга, шинээр мянгат малчин болсон малчид ивээн тэтгэж явуулдгаараа онцлогтой. “Аймгийн залуу малчдын зөвөлгөөн”-д манай сумаас 13 малчин амжилттай оролцож, “Эко малчин”-аар Дархан-Уул багийн малчин Г.Отгонбилэг шалгарлаа.

 

Идэр сумын хөгжлийн чиг хандлага юу вэ. Танай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санаачлан хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна?

 

Сумын ИТХ-ын тавдугаар хуралдаанаар 2021 онд болох сум, сургуулийн 90 жилийн ой угтсан 90 бүтээлч ажлын жагсаалтыг баталаа. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Улиастай хотод амьдарч буй сумынхаа уугуул иргэдээс эхний ажлуудыг хийх санал санаачилга ирсээр байна. Жилд 30-аас доошгүй ажлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, нутгийн зөвлөлүүд, анги хамт олон, төсөл хөтөлбөр гээд олон талын дэм туслалцаа, хөрөнгө оруулалтыг нэгтгэн хийхээр төлөвлөлөө. Энэ ажлын хүрээнд Идэр сумын сүлд, туг далбааг шинэчлэх уралдааныг зарласан ба зургаадугаар сард болох ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар шалгаруулан батална. “Сумын хүндэт иргэн” тэмдэг, батламжийг бий болгож, Идэр нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, алдартнууд, ажил хэрэгч бүтээлч хүмүүсийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлнэ. Мөн хөрөө рамууд, эмийн сангууд, хүнсний үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллаж байна. ИТХ-ын төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх, сонгогчидтой эргэх холбоотой ажиллах, бусад аймаг, сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор сумын ИТХ-ын төлөөлөгчдийг долоо, аравдугаар сард “Төлөөлөгчдийн өдөр”-ийг сум, багуудын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд зам дагаж хөгжил ирнэ гэдэг сайхан ерөөлийн хамт нутаг орон маань улам хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид бид энэ давуу тал, том боломжоо ашиглан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчид ямар нэгэн дамжлагагүйгээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд шууд нийлүүлэх, бүх төрлийн бараа материал, бүтээгдэхүүнийг хямд зардлаар татан авч өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө хичээж ажиллах болно.

 

Баярлалаа.

 

2018-06-13 15:57:52