ОТГОН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.АМГАЛАНБАЯР: МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
1497 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье.Танай суманд хаваржилт ямар байв. Нийт төл малийнхаа хэдэн хувийг хүлээж авав?

 

Өнгөрсөн өвөл болоод хаваржилт манай суманд маш сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын таатай нөхцөл нь иргэд малаа идэвхтэй маллах итгэлийг илүү их бий болгож байна. Манай сумын иргэдийн 80 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа бөгөөд аймгийнхаа хэмжээнд малынхаа тоогоор гуравдугаар байранд ордог ажилсаг хөдөлмөрч иргэдтэй сум юм. Нийт төлийнхөө 80 хувийг амжилттай хүлээн аваад байна. Үүнээс ямаа 83%, хонь 80%, үнээ 20%, гүүний 11% нь төллөөд байна.

 

Малын хорогдол бага байна уу. Монголчууд эртнээс дунд идэш, дулаан хэвтэр хэмээн өвөлжөө бууцандаа анхаарал хандуулж ирсэн. Танай сумын хувьд жишиг өвөлжөө барьж малчдынхаа өвөлжөө бууцыг засаж тохижуулсан сайн жишээ бий.

 

Өнгөрсөн өвөл, хаврын саруудад сумын хэмжээнд 190 гаруй мал хорогдсон мэдээтэй байна. Амьжиргааны эх үүсвэр болсон малаа хорогдол багатайгаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулахад дулаан хэвтэр үнэхээрийн чухал юм. Манай сумаас ажил хөдөлмөрийн их амжилтаараа Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан Сандагийн Адъшаажав хөдөө аж ахуйн салбар болоод бүхий л салбаруудад онцгой анхаарч тухайн үед мал маллаж байсан бүх сууриудыг дулаан өвөлжөөтэй болгож байсан юм билээ. Зах зээлийн шуурганаар ихэнх айлууд өвөлжөөгөө буулгаж сумын төвд хашаа барьсан гашуун туршлага бидэнд байгаа. Өнөө цагт мал хэдий хувийн өмч ч бид амжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбартаа олон цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь “Малын сайн хашаа” хөтөлбөр юм. Өнгөрсөн онд саравчтай өвөлжөө барьсан зургаан айлыг сонгож, өвөлжөө барьдаг иргэдтэй гэрээ хийж орон нутгийн хөгжлийн сангаас айл бүрийн өвөлжөөний үнийн 20%-ийг төрөөс олгож дэмжлэг үзүүллээ. Мөн чулуун хороог шинээр барьж, сэргээн засварлах өрхүүдэд төрийн албан хаагчдыг туслуулж Буянт, Баянбулаг, Соёл багт тус бүр тав, Онц багт хоёр, Хужирт багт хоёр өвөлжөө,  нийт 19 өвөлжөөг шинээр барих болон засварлах ажлыг хийж малчдад нь хүлээлгэн өглөө.

 

Сумандаа бичил малжуулах хөтөлбөр зохион байгуулж байгаа гэж сонссон.

 

 Малжуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд загвар болохуйц зохион байгуулж байгаа сум бол манай сум гэж боддог. 2013 оноос Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар малжуулах хөтөлбөрийн журмыг баталж түүнээс хойш сум хөгжүүлэх сангийн санхүүжилт, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр дунд болон бага орлоготой малчин өрхийг дэмжих зорилгоор малжуулах хөтөлбөрийг эхлүүлж нэг өрхөд 70 эх мал олгон дараагийн жилд дахин өөр өрхөд эх малаа шилжүүлэх журмаар малжуулалтыг хэрэгжүүлсэн. Тухайн жилд бойжуулсан төл болон малаас гарах ашгийг авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой юм. Нэг жилд 24-30 өрхийг малжуулж, энэ оны байдлаар 136 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулсан байна. Малчин, батлан даагч малчин, сумын Засаг даргын Тамгын газар гурвалсан гэрээ байгуулж малжуулах хөтөлбөрийн аль аль талын хариуцлагыг өндөржүүлсэн. Малжуулсан өрхүүддээ судалгаа хийж үзэхэд жилд дунджаар 60-65 төл, ноос, ноолуураас 800.000-1.000.000 төгрөгийн ашиг хүртэж байгаа нь малчдын амьдралд бодит хувь нэмрийг үзүүлж байгаа юм. Ирэх жилүүдэд шинээр өрх тусгаарласан залуу гэр бүл болон сайн багш, сайн эмчид малжуулах хөтөлбөрөө чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

 

Өнгөрсөн жил ОУБ-ын төслийн санхүүжилтээр мах, сүүний жижиг үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэр танай малчдад цаашлаад танай сумын эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгч байна вэ?

 

Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн маркетинг төслөөр мах, сүүний жижиг үйлдвэрийн байр барьж, тоног төхөөрөмжийг нь суурилуулаад байна. Ерөнхийдөө ашиглахад бэлэн болсон гэсэн үг. Тухайн жижиг үйлдвэрүүдийг хариуцаж буй хоршоонууд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж идэвхтэй үйл ажиллаагаа явуулж,  иргэдийн зүгээс ч  дэмжин ажиллаж чадвал ажлын байр нэмэгдэж манай сумын эдийн засаг болоод иргэдийн амьдралд бодит хувь нэмрээ оруулах томоохон төсөл болсон гэж харж байгаа.

 

Он гарснаар хагас жил болж байна. Энэ онд ямар шинэлэг ажлууд санаачлан зохион байгуулав?

 

Он гарснаар хөдөөгийн бүх өрхүүдэд хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн үйлчилгээг хүргэж, 2018 онд сумын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг хүргэлээ. Мөн өнгөрсөн оныхоо хөдөө аж ахуйн салбарын аваргуудаа тодруулж шагналыг малчны хотонд нь очиж гардууллаа. Цагаан сарын золголтыг Улаанбаатар, Эрдэнэт, Улиастай зэрэг төвлөрсөн газруудад зохион байгуулах үеэрээ сумынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулах уриалгыг гаргаж тодорхой ажлуудыг олон нийтийн дэмжлэгтэйгээр хийх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлээд байна.  Отгон сумыг 2017-2026 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн мастер төлөвлөөг боловсрууллаа. Онц, Соёл багуудын дунд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Жи-мобайлын станц суурилуулах ажлыг зургаадугаар сард багтаан хийх зэрэг олон ажлыг эхлүүлээд байна.

 

Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийх вэ?

 

ОНХСангийн санхүүжилт 86.4, Улсын төсвөөр 627 сая төгрөг, мөн Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын санхүүжилтээр багагүй ажлыг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ихэвчлэн бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байсан бол энэ оноос иргэдийнхээ оюун санаа, хандлага, зан үйлийг өөрчлөх иргэн лүүгээ чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Жишээ нь “Сайн оюутан” “Шилдэг сурагч” “Жаргалтай гэр бүл” “Малчдын чуулга уулзалт” “Малын сайн хашаа” “Миний гоё сум” “Гэр өргөө” “Цэцэрлэгт хүрээлэн” хүүхдийн цэцэрлэгийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлэх цэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Улсын төсвийн 77 сая төгрөгөөр хүн эмнэлгийн засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Манай сум аймгийн хэмжээнд шилэн кабелийн шугамгүй цорын ганц сум юм. Мэдээлэл технологи улам бүр хурдтай хөгжиж буй энэ цагт хоцрохгүй байх үүднээс сансраас тавган антеннаар интернэтийн урсгалыг гурван жилийн хугацаанд өндөр үнэтэй, бага хурдаар хүлээн  авч хүндхэн нөхцөлд ажиллаж ирсэн. Энэ онд харин аймгийн удирдлагууд болон Улсын их хурлын гишүүдийн хөөцөлдөлгөө, дэмжлэг туслалцаатайгаар шилэн кабелын төсөв болох 550 сая төгрөг улсын төсөвт тусгагдаж, тендер нь зарлагдсан байгаа. Энэ мэтээр дэд бүтцийн болон хөдөө аж ахуй, нийгмийн салбаруудад тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна.

 

Иргэн бүр сайхан орчинд ажиллаж амьдрахыг хүсдэг. Энэ ч утгаараа аймгийн хэмжээнд “Миний гоё сум” аяныг зохион байгуулж байна. Аяны үр дүнд танай сум хэрхэн өөрчлөгдөх бол?

 

Манай сум бол Монгол Улсыг даасан их хайрхан Отгонтэнгэр уулын өвөрт оршиж, далайн түвшнээс 2100 метрээс дээш өндөрлөгт байрладаг. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө цас их ордог. Байгаль цаг агаарын хувьд өвөрмөц онцлогтой сум юм. Отгонтэнгэр уулыг зорин ирэх дотоодын жуулчдын урсгал жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд аялал жуулчлал хөгжиж боломжтой бүс нутаг юм. Иймээс сумаа гоё болгож, өнгө үзэмжийг нь сайжруулаад  зогсохгүй зам, харилцаа холбоог цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Миний гоё сум” аяныг орон нутгийнхаа онцлогт тохируулан өрнүүлж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, аймгийнхаа хэмжээнд үлгэр жишээ болохуйц сайхан тохижилттой сум болохоор төлөвлөж  байна. Бид ирэх жилүүдэд өрхийнхөө амьдралын чанарыг дээшлүүлэх цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, байгалийн болон гэнэтийн хүндрэл бэрхшээл тохиолдоход түүнийг даван туулах санхүүгийн чадавхтай өрх, иргэнийг төлөвшүүлэхэд гол бодлогоо боловсруулан ажиллах болно. Мөн иргэд ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдсэн, байгальд ээлтэй ногоон эдийн засаг буюу аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлсэн, өөрийн гэсэн өвөрмөц онцолгийг бий болгосон, хүнээ хөгжүүлсэн загвар сум болох зорилт тавин ажиллаж байна.

 

Баярлалаа. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

 

2018-06-13 18:04:07