Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, сайхан боллоо. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг түүхчилсэн хэлбэрээр зохиомжлон найруулжээ. Цэнгэлдэх хүрээлэнд Их эзэн Чингис хаан заларч, өндөр гэгээн анхдугаар Богд морилон саатаж, 24 сумаас 200 гаруй бүжигчин, 200 гаруй морин хуурч хүүхдүүд оролцсоноос гадна алдарт эхийн одонт 108 ээж сүүн цацлаа өргөсөн зэрэг урлаг, соёлын өвөрмөц содон үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа. Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан үг хэллээ.
Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зорин ирсэн гадаадын жуулчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Герман улсаас ирсэн жуулчид хэлэхдээ: “Монгол улсын Үндэсний их баяр наадмыг анх удаа үзэн сонирхож байна. Сэтгэл маш их хөдөллөө. Ийм сайхан үйл ажиллагааг өмнө нь хэзээ ч үзэж байсангүй. Үнэхээр гайхалтай байна. Сэтгэл хөдөлгөсөн түүхийг харууллаа. Чингис хаан, сүүн цацал өргөж байгаа ээжүүд, хөөрхөн хүүхдүүдийн бүжиг их сэтгэл хөдөлгөлөө. Бид Завхан аймгаар аялах хугацаандаа өнөөдөр ийм сайхан үйл ажиллагааг үзсэн их азтай хүмүүс юм” гэлээ.
“Эко Завхан”, “Миний гоё сум” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй Завхан аймаг “Бүтээн байгуулалт-14” эрчимтэй ажлын аяныг зохион байгуулснаар Үндэсний их баяр наадмаа угтсан билээ. Тэгвэл энэ жилийн наадмыг "Хоггүй наадацгаая" уриан дор тэмдэглэж, төрийн болон ТББ-ууд хамтран ажилласан нь үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Иргэд ил задгай хогоо хаях нь эрс багасч, өмнөх жилүүдээс харьцангуй цэвэр цэмцгэр наадаж байгааг үйлчилгээний ажилчид хэлж байлаа.
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хүчит 256 бөх барилдлаа. Энэ жилийн аймгийн баяр наадамд барилдах бөхчүүдэд харьяаллын хувьд хязгаар тавиагүй бөгөөд улсын цолтой 5 бөх, аймгийн арслан 4, аймгийн заан 4, аймгийн харцага 5, нийт улс, аймгийн цолтой 47 бөх, сумын начингаас улсын харцага хүртэлх цолтой 127 бөх барилдсан юм. Барилдааныг шударга болгохын тулд энэ жил оноолтыг компьютерээр хийлээ. Өнгөрсөн жилээс Завхан аймгийн баяр наадамд барилдах бөхчүүд наадамчин олондоо шударга барилдахаа амлаж, ТАНГАРАГ өргөдөг уламжлал тогтсон билээ. Энэ жил ч мөн бөхчүүд наадамчин олноо хүндэтгэн, шударга барилдахаа амлаж, тангараг өргөснөөр үндэсний бөхийн барилдаан эхэлсэн юм. Хүчит бөхийн барилдаанд Нөмрөг сумын харьяат, сумын заан Тогтохын Хайдавдорж, Шилүүстэй сумын харьяат сумын заан Доржготовын Батбаатар, Их-Уул сумын харьяат, сумын заан Санжсүрэнгийн Амарсанаа нар тав давж, гурван аймгийн начин төрлөө.
Хүчит бөхийн барилдаан шударга сайхан болж, шөвгийн дөрөвт өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэсэн аймгийн заан Пүрэвээгийн Өсөхбаатар, харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, харцага Мөнхтөрийн Лхагвагэрэл, Отгон сумын цэргийн харцага Төрмөнхийн Дүгэрдорж нар шалгарч, Ургамал сумын харьяат, аймгийн заан П.Өсөхбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Яруу сумын харцага М.Лхагвагэрэл үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. Харин аймгийн харцага Чинтулга 4 удаа 6 давж аймгийн харцага цолоо баталсан юм.
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан ч зохион байгуулалт сайтай боллоо. Хурдан морины уралдааныг даамал, хүн эмнэлэг, мал эмнэлэг, комисс, хэвлэл мэдээллийн 5 автомашин дагаснаар уралдаан ямар нэгэн будлиангүй, эмх цэгцтэй болж өндөрлөлөө. Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч, хувцас хэрэглэлийн стандарт шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажилласнаас гадна даатгалд хамруулах эцэг эхчүүдтэй гэрээ хийх, цаг агаарын мэдээллээр тогтмол хангах, барианы газрыг тогтмол усалж тоосжилтоос хамгаалах ажлыг зохион байгууллаа. Аймгийн баяр наадмын хурдан морины уралдааныг үндсэн 6 нас, эрлийз 3 насны ангиллаар зохион байгуулж Азарганы уралдаанд Их-Уул сумын уяач Төрмөнхийн цоохор азарга түрүүлж, аманд хүзүүнд Алдархаан сумын уяач П.Бямбасүрэнгийн хүрэн азарга, гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Л.Батдоржийн хүрэн, дөрөвт Сантмаргаз сумын уяач А.Баасандоржийн хул азарга, айргийн тавд Дөрвөлжин сумын уяач Ч.Ариунболдын хээр азарга хурдаллаа.
Хязаалан насны морьдын уралдаанд Алдархаан сумын уяач Баярсайханы бор түрүү магнайнд хурдалж, Шилүүстэй сумын уяач Батдоржийн хар алаг аман хүзүүдэж, Улиастай сумын уяач Ж.Сүхбаатарын бор хээр гуравт, Алдархаан сумын уяач С.Алзахгүйн бор цоохор дөрөвт, Алдархаан сумын уяач Батмөнхийн хүрэн айргийн тавд хурдаллаа.
Шүдлэн насны морьдын уралдаанд Цагаанчулуут сумын уяач Заяатогтохын хээр түрүүлж, аман хүзүүнд Эрдэнэхайрхан сумын уяач С.Энхтуяагийн саарал халзан хурдалж, айргийн гуравт Дөрвөлжин сумын уяач Сайханбаатарын хээр, дөрөвт Улиастай сумын уяач Д.Сүхбаатарын бор, айргийн тавд Эрдэнэхайрхан сумын уяач
Соёолон насны морьдын уралдаанд Шилүүстэй сумын уяач Ш.Намхайноровын хул түрүү магнайнд хурдалж, аман хүзүүнд Алдархаан сумын уяач О.Шаравдоржийн хул, айргийн гуравт Их-Уул сумын уяач Б.Цэрэнбалжирын будан, айргийн дөрөвт Улиастай сумын уяач Самбуу-Ёндонгийн сартай хар, айргийн тавд Сонгино сумын уяач Т.Мөнх-Эрдэнийн бор хурдаллаа.
Их насны морьдын уралдаанд Шилүүстэй сумын уяач О.Наранбаатарын хонгор түрүүлж, аман хүзүүнд Эрдэнэхайрхан сумын уяач Г.Лхагвасүрэнгийн буурал, гуравт Эрдэнэхайрхан сумын уяач П.Ганзоригийн хонгор халзан, дөрөвт Цагаанчулуут сумын уяач Буян-Эрдэмийн хар, айргийн тавд Алдархаан сумын уяач Г.Идэрхангайн бор хурдалж уясан эзэн, унаач хүүхдүүдээ баярлууллаа.
Дааганы уралдаанд Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн алаг даага түрүүлж, аман хүзүүнд Цэцэн-Уул сумын уяач Г.Лхагвсүрэнгийн хонгор даага хурдалж, гуравт Сантмаргаз сумын уяач А.Баасандоржийн хүрэн даага, дөрөвт Дөрвөлжин сумын уяач П.Энх-Амгалангийн саарал даага, тавд Алдархаан сумын уяач Л.Батдоржийн буурал даага хурдаллаа.
Эрлийз бага насны морьдын уралдаанд Улиастай сумын уяач Ж.Сүхбаатарын саарал, эрлийз дунд насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Л.Ядамсүрэнгийн бор, эрлийз дээд насны морьдын уралдаанд Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хүрэн тус тус түрүү магнайнд хурдаллаа.
Энэ жил шилдэг морь цоллоочийг шалгаруулж урамшуулсан юм. Уянгалаг сайхан хоолойгоороо шандаст хурдан хүлгүүдийг цоллож, түмэн олноо баясгаж яваа морь цоллооч Х.Цэдэнбазар, Э.Пүрэвдорж, Б.Чимэдцэрэн, Т.Пүрэвжаргал гар "Шилдэг"-морь цоллоочоор шалгарлаа.
Монголын ард түмний үнэт өв соёл болсон эрийн гурван наадмын нэг Үндэсний сурын харвааг орон нутагт өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар энэ жил 24 суманд сургалт зохион байгуулснаар 1111 харваачтай болсон билээ. Тиймээс Үндэсний сурын харваанд өмнөх жилүүдээс олон буюу Улсын хүндэт мэргэн, спортын мастер Санжаасүрэн, спортын мастер Наранцэцэг, Эрдэнцэцэг, спортын дэд мастер, аймгийн мэргэн Батцэнгэл, аймгийн мэргэн Гомбосүрэн, Содном тэргүүтэй нийт 100 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Харваачид энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр байгуулсан Үндэсний сурын шинэ талбайдаа өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй харваачдаас Архангай аймгийн Жаргалант сумын харьяат, Улсын 1-р зэргийн харваач Б.Баянмөнх 40 сумнаас 31 онож тэргүүн байр эзэлсэн бол Тосон-Идэр мэргэн холбооны улсын 3-р цэргийн харваач Н.Доржготов 40 сумнаас 29 онож дэд байр, Яруу сумын уугуул, Тосонцэнгэл сумын харьяат улсын 2-р зэргийн харваач Т.Эрболд 40 сумнаас 29 онож гуравдугаар байр, Идэр сумын уугуул, Улиастай сумын харьяат Улсын 2-р зэргийн харваач Д.Амарбаатар 40 сумнаас 28 онож 4-р байр, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн багш, аймгийн мэргэн, спортын дэд мастер Б.Батцэнгэл 40 сумнаас 28 онож 5-р байрт тус тус шалгарлаа.
Эмэгтэй харваачдаас Яруу сумын харьяат, АУЭХС ТӨХК-ийн харваач, аймгийн мэргэн Б.Содном 40 сумнаас 25 онож 2 дахь удаагаа тэргүүн байр эзэлж, аймгийн даян мэргэний болзол хангалаа. Мөн Яруу сумын харьяат, сумын мэргэн Ш.Наранчимэг 40 сумнаас 23 онож дэд байрт, Тосонцэнгэл сумын харьяат Тосон-Идэр мэргэн холбооны харваач, сумын мэргэн Б.Сугар 40 сумнаас 22 онож гуравдугаар байр, Тосонцэнгэл сумын уугуул, Алдархаан сумын харьяат С.Бат-Амгалан 40 сумнаас 22 онож дөрөвдүгээр байр, Алдархаан сумын харьяат аймгийн Нэгдсэн эмнэлгийн харваач Д.Энхнаст 40 сумнаас 22 онож 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Энэ жилийн баяр наадамд Улсын 3-р зэрэгтэй харваач Доржготов аймгийн гарамгай харваачийн болзол, 2-р зэрэгтэй харваач Эрболд аймгийн гоц харваач цолны болзол, сумын мэргэн Наранчимэг аймгийн гарамгай харваач цолны болзлыг тус тус хангалаа.
Завхан аймаг энэ жил өсвөрийн сурын харвааг анх удаа зохион байгууллаа. Өсвөрийн сурын харвааны эмэгтэй төрөлд Тэлмэн сумын ЕБС-ийн сурагч Т.Дашцэрэн тэргүүн байр эзэлж, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Б.Адъяа дэд байрт, Улиастай сумын Дэвшил сургуулийн сурагч Д.Өлзийтуяа гуравдугаар байрт, ЧЭЛС-ийн сурагч Д.Энхжин дөрөвдүгээр байрт, Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ш.Оюундарь тавдугаар байрт тус тус шалгарлаа. Өсвөрийн сурын харвааны эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын харваач Э.Цолмонбаатар тэргүүн байр, Тэлмэн сумын харваач Р.Цанжид дэд байр, Цэцэн-Уул сумын харваач М.Хангэрэл гуравдугаар байр, Улиастай сумын харваач Н.Адъяахүү дөрөвдүгээр байр, Тосонцэнгэл сумын харваач Б.Энхбаяр тавдугаар байрт тус тус шалгарлаа.
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн 118 иргэн төрийн дээд одон медалиар шагнагдсаныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.
Ийнхүү Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн сайхан өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Б.Оюун-Эрдэнэ