“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-14” ЭРЧИМЖҮҮЛСЭН АЯН ҮР ДҮНТЭЙ БОЛОВ
1177 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг “Эко Завхан”, “Миний гоё сум” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж байна. 2018 оны зургадугаар сарын 18-30-ны өдрүүдэд “Бүтээн байгуулалт-14” эрчимжүүлсэн ажлын аян зарлаж, Улиастай хот, сум, багууд өнгө үзэмжээ сайжруулах, орчноо тохижуулах ажлууд хийлээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Улиастай суманд хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Аяны хүрээнд аймгийн өнгө төрхийг тодорхойлдог хутагтуудын “Гүдэн” цогцолбор, “Хутагтын хүрээлэн” өнгөө засч, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Түүнчлэн усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн болж, Улиастай хотыг бүрэн камержуулах ажил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга, Цэнгэлдэх хорооллын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна.

 

Хутагтуудын “Гүдэн” цогцолборыг тохижуулав

Завхан нутагт ирсэн хол ойрын зочдын хамгийн түрүүнд зорин очдог Улиастай сумын  “Жавхлант” толгойд байрлах хутагтуудын “Гүдэн” цогцолборын өнгө үзэмжийг сайжруулах, сэргээн засварлах ажлыг орон нутгийн төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ ажлыг “Тэсийн бүрд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засварын ажил одоогоор 80 гаруй хувьтай байна. Тус компани цогцолборын 108 суваргыг засварлан шинэчилж, Сэрүүн тавцан бүхий усны бурхныг сэргээн засварлажээ. Түүнчлэн гүнгэрваатай бурхадын гадна шилийг шинэчилж, “Гүдэн” цогцолбороос Төгсбуянжавхлант хийд хүрэх явган хүний бетонон шатыг шинээр хийсэн аж. Үргэлжлүүлэн цогцолборын гэрэлтүүлэг, 108 суварганы гэрэлтүүлгийн ажлыг хийж хүлээлгэн өгөх юм байна.

 

800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил үргэлжилж байна

Завхан аймагт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын каргазын ажил дуусаж байна. 2012 оноос хойш царцсан тус барилгын тендер шалгаруулалтыг орон нутагт дахин зарлаж, гүйцэтгэгчээр “LCB” ХХК ажиллаж байгаа аж. Энэ барилга хэдэн жил дамнан царцсан учраас өнөөдөр барилгын ажил явуулахад түүхий эд материал, ажлын хөлсний үнийн зөрүүтэй байдал үүсчээ. Учир нь анх төсөвлөгдсөн үетэй харьцуулахад барилгын материалын үнэ, шатахууны үнэ, ажлын хөлс зөрүүтэй байгаа асуудал шийдэгдчихвэл барилгын ажил эрчимтэй үргэлжилнэ гэдгийг “LCB” ХХК-ийн инженер С.Пүрвээ хэлэв. “LCB” ХХК нь орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байсан туршлагатай учраас  ажиллах хүч, техник тоног төхөөрөмж хүрэлцээтэй, хөрөнгийн асуудал шийдэгдвэл гэрээт хугацаандаа дуусгаж ашиглалтад өгөх бүрэн боломжтой ажээ. 2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн теартын барилгыг нийтдээ 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсөв нь хийгджээ.  Одоогоор 3.7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг хийгээд байна. 

 

Цэнгэлдэх хорооллын ажил эрчимтэй явагдаж байна

Ард иргэдээ сонсох аяны хүрээнд 2017 онд иргэдийн санаачилгаар Улиастай сумын Богдын гол багийн нутагт “Цэнгэлдэх хороолол” барих ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус хорооллын барилгын ажил эрчимтэй явагдаж, дөрван га талбайд 200 гаруй өрхийн орон сууц барьж байна. Хэдийгээр энэхүү хорооллын ажлыг эхлүүлэхэд шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх төсөв хөрөнгө байхгүй байсан ч иргэдийнхээ оролцоонд тулгуурлан айл өрхүүд 50 хувь, аймаг 50 хувийн зардлыг хариуцаж цэвэр бохир, эрчим хүчний шугам татах зардлыг санхүүжүүлжээ. Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хийж буй энэ ажил өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай байгаа бөгөөд айл өрхүүд амины сууцаа бариад эхэлжээ. Цэнгэлдэх хороололд 104 өрх амины орон сууц буюу хаус хэлбэрээр барих бол 96 өрх нь таун хаусанд суурьших юм. Бага, дунд орлоготой залуу гэр бүлд зориулсан, хямд өртөгтэй, тохилог таун хаусыг иргэд найман хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан худалдаж авах боломжтой. Айлууд барилгаа барьж дууссаны дараа “Цэнгэлдэх” хорооллын тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.  

Таун хаусын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Ган” ХХК өнөөдрийн байдлаар 12 айлын таун хаусыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Энэхүү барилга нь 73 метр квадрат талбайтай хоёр давхар, орчин үеийн технологиор баригдаж буй тоосгон ханатай, зүрхэвчтэй, бетон суурьтай, нэгдүгээр давхартаа гал тогоо, зочны өрөөтэй дээд давхартаа унтлагын өрөөтэй, давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй тохилог сууц юм. Нэг метр квадрат нь зах зээлийн ханшнаас хямд буюу 700 мянган төгрөг, нийт 50 сая төгрөгийн өртгөөр хэрэглэгчдэд хүрч байгаа нь аймаг орон нутгаас залуу гэр бүлээ дэмжих, тэдэнд тохилог сууцанд амьдрах боломжийг олгож буй давуу талтай. Эхний ээлжийн захиалга өгсөн 12 айлын орон сууц ашиглалтад орсон ба хоёрдугаар ээлжийн 12 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгч  компаниас урамшуулалд нь барилгын гадна хайс, хашаа, бетонон замыг хийж өгчээ.

 

Хутагтын хүрээлэн өнгө засав

Улиастай сумын Жинст багт байрлах Хутагтын хүрээлэнд Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний алба хамтран бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Хүрээлэнгийн усан оргилуурыг засаж, гэрэлтүүлэг, гадна хайс, хашааг засварлаж ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, сарнайн бут, гүйлс, үхрийн нүд, голт бор, нарс гэхчлэн нийт 50 орчим модыг тарьсан байна. Ийнхүү Улиастай хотын хүүхэд залуучууд, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хүрээлэн наадмын өмнө өнгөө засаад байна. Завхан аймгаас төрсөн Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нь аймгийн төвийн төв тойргийн орчимд буюу Жавхлант толгойн урд хэсэгт байрлаж, орчин үеийн гэрэлтүүлэгтэй усан оргилуур, Жалханз хутагтын хөшөө, аймгийн газрын зураг бүхий чулуун тавцан, төмөр тулга зэрэг тохижилттой иргэдийн ая тухтай амарч зугаалах зам талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн юм. Дашрамд дурдахад энэ хаврын мод тарих өдрөөр Завхан аймаг анх удаа нэг цаг дор 33 мянган мод тарьсан байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгтэй болно

 

Завхан аймгийн Онцгой байдлын газрын ашиглаж байсан нэг давхар 24х14 харьцаатай тоосгон байшинг цэцэрлэгийн зориулалтаар засварлаж байна. Тодруулбал, тус барилгын засварын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр Онцгой байдлын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоогоор засварлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар барилга засварын ажил 70 орчим хувьтай байгаа ба ирэх наймдугаар сарын 25-ны өдөр ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Тус цэцэрлэгийн барилга нь дотроо есөн өрөөтэй, хоёр танхимтай, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, эцэг эхчүүдийн амрах, хөгжих өрөөтэй байх юм байна. Мөн цэцэрлэгийн тавилга, зөөлөн эдлэлийг орон нутгийн хөрөнгө, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгээр тохижуулах ажээ. Энэхүү цэцэрлэг нь Богдын гол багт байрлах хамгийн ойр цэцэрлэгийн нэг бүлэг болон ажиллах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Онцгой байдлын алба хаагчдын хүүхдүүдийг хамруулсан хоёр ангитай байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхээс гадна өөрсдөө энд хөгжих, суралцах боломжтой. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш нарыг бэлтгэж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга энэ үеэр дуулгалаа.

 

Улиастай сумыг бүрэн гэрэлтүүлэх, камержуулах ажил хийгдэж байна.

 Өнөөдрийн байдлаар Улиастай сумын хэмжээнд 245 сая төгрөгийн 300 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг төв зам болон гэр хорооллын гудамж талбайг хамруулан шинээр хийж байна. Мөн Улиастай сумын хэмжээнд 196 сая төгрөгөөр 54 байрлалд 137 ширхэг камер байршуулжээ. Жавхлант толгой, Өндөр толгой, Ямаа майлдаг, Соёмботой толгой гэхчлэн дөрвөн өндөрлөг газарт эргэдэг хүчин чадал өндөртэй камер байрлуулж байгаа юм. Ингэснээр гэмт хэргийн тоог бууруулах, хулгай дээрэм, эзэнгүй хог хаягдлыг багасгах, илрүүлэх зэрэг хууль зөрчиж буй үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Камерын хяналтын бичлэгийг аймгийн Цагдаагийн газар 24 цагаар хянаж байгаа юм байна. Энэ ажлыг “Төгс хурц консалтинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд орчин үеийн стандарт шаардлага хангасан дөрвөн мега пиксельтэй, зум хийдэг, холдуулж ойртуулдаг, автомашины дугаар таньдаг камер суурилуулж байна. Мөн гудамж талбайд байрлуулсан камер нь харах зай хязгааргүй, 50 метрт таних хүчин чадалтай бол өндөр толгойд суурилуулж буй эргэдэг камер нь хүчин чадал өндөртэй, татах, таних чадалтай камерууд ажээ. Ингэснээр Улиастай хотын гудамж талбайг камераар хянаад зогсохгүй голын ай сав газрыг бүрэн хянах боломжтой болох юм.

 

Усан бассейн бүхий спорт цогцолбор ирэх есдүгээр сард ашиглалтад орно

Завхан аймгийн төв Улиастай хотод улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Спорт цогцолборын барилга угсралтын ажил 80 гаруй хувьтай байгаа ба энэ долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж буй Баруун бүсийн олимпийн сургалтын төв, усан спортын цогцолбор барилгын суурь 2013 онд тавигдсан бөгөөд барилгын ажил хэд хэдэн удаа царцаж санхүүжилт зогссон ч өнгөрсөн жилээс барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Тус спорт цогцолбор нь 1000 хүний суудалтай, дотроо хоёр биеийн тамирын заалтай, 330 метр куб ус багтах хүчин чадалтай усан бассейн, мини хүүхдийн бассейнтай. Өнөөдрийн байдлаар гадна пасадны ажил бүрэн дуусч дотор пасадны засал чимэглэлийн ажил хийгдэж байна. Спорт цогцолборын барилгын үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд энэхүү томоохон цогцолборт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд уламжлаад байгаа ажээ. Мөн тус цогцолборын гадна пасадны загвар өнгөний шийдэл нь Завхан аймгийн туг далбааг бэлгэдсэн байна.

 

2018-07-10 09:09:26