“САЙН ЭМЧ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
911 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран орон нутгийн шийдвэр гаргагчид болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд сумын Засаг дарга нар, ЭМТөвийн эрхлэгч эмч, лаборант, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансарын эмч, лаборант зэрэг 70 гаруй хүн оролцлоо.

 

Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол улсын сүрьеэгийн талаар баримтлах бодлого, Сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэхэд анхаарах асуудал, Сүрьеэгийн хавьтлын хяналт, эрт илрүүлэг, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвээр сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянтэс, Тэс, Цэцэн-Уул, Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бол Түдэвтэй сумын сум дундын эмнэлэгт тойргийн найман сумын эмч, ажилчдад “Үйлчилгээний эерэг, ээлтэй орчин бүрдүүлэх нь” сэдэвт  ёс зүйн сургалтыг тус тус зохион байгууллаа.

 

2018-07-09 11:15:17