Найр наадам, амралт зугаалга гэхээсээ илүү өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангахыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Өвс тэжээлийн нөөцөө бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөө гаргах, долдугаар сарын нэгнээс өмнө отор нүүдэл хийх малчин өрхүүдээ судлах, малчдын мал, махаа борлуулах боломж нөхцөлийг нь судалж, холбож өгөх, худаг ус, усан хангамжийн асуудлыг малчдынхаа оролцоотой шийдвэрлэх, сумууд бэлчээрийн маргааны асуудлаа шийдвэрлэх, малын гоц халдварт өвчингүй аймгийн статусаа хадгалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон бусад аймгуудаас мал, амьтан худалдан авахгүй байх, 2018 оны тавдугаар сарын нэгнээс арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрээр мал оруулахгүй, гаргахгүй байх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, малчид, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, эрсдэл гаргахгүй байхыг сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Зуншлага, намрын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг аль алиныг нь сайн хийж байж өвлийг өнөтэй давна гэдгийг хэлсэн юм.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн мэдээлэл өглөө.
Б.Оюун-Эрдэнэ