Завхан аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой 2019 онд болно. Энэхүү түүхт ойг угтаж, Аймгийн Засаг даргын санаачилсан “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, Монос групптэй хамтран “Иргэдэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг-2018” үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын найман байгууллага буюу аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Уламлалт анагаах ухааны төв-Рашаан сувилал, Тэс сумын Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Одчим наран эмнэлэг, Үе-Залгамжлагч клиник сувилал иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон тусламж үйлчилгээгээ танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн дөрвөн эмч ирж үзлэг оношилгоо хийсэн бол “Орчин үеийн эмийн эмчилгээний стандарт ба чиг хандлага” сэдэвт сургалтад 110 эмч, эмийн мэргэжилтэн хамрагдлаа.
Мөн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 3000 гаруй гарын авлага материал тарааж мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр аймгийн ахмадын хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалж, ажлын байрны дасгал, жавхаат хэмнэл аэробекийн дасгалын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дотор, мэдрэл, чих хамар хоолой, үе мөч, хүүхдийн үзлэг оношилогоонд 600 гаруй иргэн хамрагдсан байна.