2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар дүйцүүлэх албанд орох хүсэлт гаргасан иргэдээс Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох” тухай 79 дүгээр тогтоолоор батлагдсан хяналтын тоонд багтаан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-д нийцүүлэн элсүүлж, алба хаах тухай гэрээ байгуулан цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамруулав. Сургалтыг долоо хоногийн хугацаатай зохион байгуулж, Алдархаан, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Их-Уул, Отгон, Тэлмэн, Тэс, Ургамал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй, Яруу сумын иргэд хамрагдлаа.
Сургалтын үеэр батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, цэргийн ерөнхий бэлтгэл, тусгай бэлтгэлийн хичээлийг зохион байгуулав.
“Энэрэл Байгаль” оёдлын үйлдвэртэй хамтран ажиллаж цэргийн дүйцүүлэх албанд алба хаах иргэдийг ижил загварын дүрэмт хувцасаар хангахаар боллоо.
2017, 2018 онд дүйцүүлэх албанд орж алба хааж буй иргэдээр Улиастай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Чигэстэй голын хөвөөнд 6000 мод тариулж нийгмийн сайн сайханд хувь нэмэр орууллаа.