ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАНА
460 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 2015 оноос эхлэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-д хүрэх үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор “Хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ” үзүүлэх чадавхийг сайжруулах, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурласан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллаж байна. Өмнөх жилүүдийн туршлага дээр үндэслэн 2018 онд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн тус бүр нэг суманд, Улаанбаатар хотын Багануур, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн тус бүр нэг хороонд хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой энэхүү төсөлд Завхан аймгийн Баянтэс сумын 5-65 насны 1814   иргэн  хамрагдахаар сонгогдлоо. Төслийн хүрээнд эрүүл мэндийн газрын хоёр мэргэжилтэн, сумын их эмч, сувилагч, лаборант нийт таван хүн найман өдрийн долоон модуль хичээлийн  сургалтад хамрагдаж чадавхжив. Төслөөс тоног төхөөрөмж, урвалж оношлуурын зардал 24.648.500 төгрөгийн үнэ бүхий  бүтээгдэхүүнийг нийлүүллээ.

 

2018-06-25 15:20:40