Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 14 асуудал хэлэлцлээ. Эхлээд аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн зүгээс агентлагууд ажлаа илүү сайжруулах, цаашлаад хийсэн ажлаа маш сайн тайлагнах, бодлогын мэргэжилтнүүд тайлан мэдээлэл бодит эсэхийг нягтлан шалгаж байх хэрэгтэйг хэллээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтийг 57.6 хувьтай гэж дүгнэлээ. Харин Засгийн газрын тогтоол, шийдвэрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт 77.3 хувьтай, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилт 62.4 хувьтай байна гэж дүгнэлээ. Мөн сум, баг, агентлагийн үйл ажиллагааны жилийн үнэлгээний журамд өөрчлөлт оруулах тухай, Орон нутагт ёслолын арга хэмжээг зохион байгуулах журам, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр, “Жимс жимсгэнэ” дэд хөтөлбөр, Тариалангийн бүс нутаг тогтоох тухай, “Атар-60” бүтээлч аян өрнүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” дэд хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Мөн “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчин” уралдааны болзол, Эх дэлхийдээ ээлтэй хот айл, баг, сум шалгаруулах уралдааны болзлыг хэлэлцэн батлав. Энэ оны гуравдугаар сард “Малчдын зөвлөгөөн”-өөр хэлэлцүүлсэн “Аймгийн аварга малчин шалгаруулах болзол”-ыг тооноос чанарт шилжих зарчимд тулгуурлан шинэчлэн баталлаа.