ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ХҮҮХДҮҮД “ЭЕРЭГ ХАРИЛЦАА-ЭРҮҮЛ ОРЧИН” УРИАН ДОР ЧУУЛАВ
543 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн зургадугаар чуулга уулзалтыг энэ жил “Эерэг харилцаа-Эрүүл орчин”  уриан дор амжилттай зохион байгуулж,  сургууль, цэцэрлэгийн 90 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Чуулганы үйл ажиллагааг угтаж “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн авъяас, ур чадвараа нээх боломж олгох, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ” аяныг хоёр үе шаттай зохион байгуулав. Энэ үеэр төсөвт байгууллагууд “Томчууд бидэнд хэлэх үг” саналын хайрцаг аялуулж, хүүхдүүдийн саналын дагуу гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан, урлаг, спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Гар зургийн уралдааныг зургаагаас есөн насны ангиллаар “Миний мөрөөдлийн тоглоомын талбай”, 10-13 насны ангиллаар “Миний мөрөөдлийн сум”, 13-16 насны ангиллаар “Миний мөрөөдлийн эх орон” сэдвээр тус тус зохион байгуулж эхний дөрвөн байрыг шалгаруулж урамшууллаа. Харин зохион бичлэгийн уралдааныг зургаагаас есөн насны ангиллаар “Миний гэр бүл”, 10-13 насны ангиллаар  “Миний мөрөөдөл”, 13-16 насны ангиллаар “Миний эх орон” сэдвээр зохион байгуулж 87 хүүхэд бүтээлээ ирүүлж, эхний гурван байрыг тус тус шалгарууллаа.

 

Чуулганы үеэр албан байгууллагууд хийсэн ажлаа хүүхдүүдэд тайлагнаж, уламжлал болгон явуулдаг “НЭГ ХҮҮХЭД –НЭГ БАЙГУУЛЛАГА” арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус 16 байгууллагаас 22 хүүхдэд 800 гаруй мянган төгрөгийн хувцас, хичээлийн хэрэглэлийн дэмжлэг үзүүлэв. Мөн дааганы уралдаан, бага, дунд, ахлах насны ангиллаар бөхийн барилдаан зохион байгуулж, 9А ангийн  сурагчид "Яргуй дэлбээлэх цагаар" тайлан тоглолт хийлээ. Энэ үеэр амжилттай суралцсан хүүхдүүдийг шагнаж урамшуулсан бол хүүхдүүд ирэх хичээлийн жилээс харилцааны эерэг орчин бүрдүүлж, бүсийн чуулганаас гарсан саналыг хэрэгжүүлж ажиллах талаар уриалга, зөвлөмж гаргалаа.

 

2018-06-04 09:51:31