"АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН"-Ы ХҮРЭЭНД 66 БАГИЙН 6000 ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ
1218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, тэдний саналыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албаны ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжсэн билээ. 2016 оны 9 дүгээр сараас хойш “Ард иргэдээ сонсох аян”-ыг 4 дэхь удаагаа зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд энэ жилээс “Төрийн цогц үйлчилгээг багт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Зүүн хойд чиглэлийн сумдад аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, зүүн чиглэлийн сумдад аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан ажлыг хэсэг, урд чиглэлийн сумдад аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг, баруун хойд чиглэлийн сумдад аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн 66 багийн  6000 гаруй иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.

Энэ үеэр ард иргэдийнхээ саналыг сонсож, аймгийн Засаг даргын  ажлыг тайлагнахаас гадна эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авч, сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгууллаа. Мөн Завхан аймгийн 9 гайхамшгийг ард иргэдийнхээ саналаар тодруулж байна. Ингэснээр аялал жуулчлалаа хөгжүүлж, байгаль эх дэлхийгээ ухуулж бус үзүүлж орлого олохыг зорьж байгаа юм.

УБ хот болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн ур чадвар сайтай эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, урлагийн тоглолт, үсчин гоо сайхнаар үйлчиллээ. Энэ үеэр сум, багаа хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй багийн Засаг даргад  мотоцикль, Иргэдийн нийтийн хурлын даргад компьютер олгосон бол багийн эмчийн эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг нэмэгдүүллээ.

Завхан аймаг 24 сум,116 багтай. Энэ удаад ийнхүү хөдөөгийн 66 багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэсэн бол 10 дугаар сард Алдархаан сум болон говийн 4 сумын багууд, 24 сумын төвийн багуудад ажиллаж төрийн үйлчилгээг багийн түвшинд хүргэнэ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-08-27 09:39:48