2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 1458 СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАНА
1063 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хичээлийн шинэ жилийн эхний энэ өдөр Завхан аймгийн сургууль, цэцэрлэгүүд нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж, хүүхэд эцэг эхчүүд ч амралтын өдрийг үл ажран идэвхтэй оролцов. Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 39 цэцэрлэгт 6458 хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.6 хувь, цэцэрлэгийн хамран сургалт 84.5 хувийн үзүүлэлттэй байсан бол шинэ хичээлийн жилд 5395 хүүхэд цэцэрлэгт суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн  нэгдүгээр ангид өнгөрсөн хичээлийн жилд 1451 суралцагч элсэн суралцсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 1458 сурагч элсэн суралцахаар бүртгүүлжээ.

Аймгийн Засаг даргын санаачилгаар Завхан аймгийн боловсролын салбарт “Сайн багш”, “Сайн оюутан”, “Аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Малчид нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадах бус, хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх зорилгоор малчдын 6 настай хүүхдэд зориулсан “Гэр өргөө” байгуулах бэлтгэлийг хангаж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

 

2018 онд Завхан аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарт нийт 12.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯамнаас “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргая” зорилго дэвшүүлсэн бол Завхан аймаг багш, суралцагч бүрийн ажил хөдөлмөр, сурлагын чанарт ахиц гаргах зорилго дэвшүүлжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-09-01 14:26:14