ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва Улсын Алдын Маадырын нэрэмжит үндэсний төв музейн санаачилгаар Манжийн дарангуйллын эсрэг боссон 60 баатрын бослогын 135 жилийн ойд зориулсан авто аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Орон нутгийг судлах музей Улиастай хотноо хүлээн авлаа. Манжийн дарлалын эсрэг 300 Тува иргэн босож тэмцсэнээс 60 иргэнийг барьж Манжийн шоронд хорьжээ. Тэднээс 47 иргэнийг цаазалж, толгойг нь моринд ил ганзагалан Увс аймгаар тойруулж нутагт нь хүргэж байжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж алтан амиа алдсан зоригт эрчүүдийг Улиастай хотын Алаг нүдэнгийн аманд цаазалсан байна. Тиймээс ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва Улсын дээд хурлын төлөөлөгчид, Үндэсний музейн хамт олон, тэмцэгчдийн үр удмын төлөөллүүд Завхан аймагт ирж Алаг нүдэнгийн аманд хүндэтгэлийн самбар босголоо.