Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан. Эдүгээ 78 жилийн түүхтэй тус сургууль нь 1974, 1975 онд ашилалтад орсон, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, 160 хүүхдийн хоёр хуучин барилгад хичээллэж байсан юм. Сургуулийн спорт заалыг 2012 онд ашиглах боломжгүй болсон тул хүүхдийг биеийн тамирын хичээлээр хөгжүүлэхэд хүндрэлтэй байжээ. Тэгвэл УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар, улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 оноос 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажил эхэлж, 2018 оны долдугаар сарын 7-ны өдөр шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, сумын удирдлагууд, ард иргэд, хүүхэд багачууд оролцлоо.
Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байр, спорт заалны барилга угсралтыг “Харганат” ХХК гүйцэтгэжээ. Нийт 284 суралцагчтай тус сургууль хуучин нэг барилгадаа их засвар хийсэн тул энэ хичээлийн жилээс нэг ээлжээр хичээллэх юм. Ийнхүү Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчид тав тухтай, тохилог орчинд ажиллаж, суралцах боломжтой болсноор 2018-2019 оны хичээлийн шинэ жилээ угтаж байна.