Анх 1938 онд нэг сувилагчийн орон тоотой, 70 төгрөгний төсөвтэй, хоёр авдар эмтэй “Сувилагчийн салбар” нэртэй байгуулагдаж, сумын захиргааны нүүдлийн гэрт ажлаа эхлүүлж байсан Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төв эдүгээ хоёр давхар байранд 23 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, шилдэг байгууллагаар шалгарсан амжилтаар түүхт 80 жилийн ойгоо угтлаа. Түүхт ойн босгон дээр “Эрүүл мэндийн манаанд 80 жил” номыг гаргаж, байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах бүтээн байгуулалтын олон ажил хийв. Хандив тусламжаар 1.650.000 төгрөгийн өртөг бүхий УВЧ шарлагын аппарат, 700 мянган төгрөгийн өртөгтэй эмчлүүлэгчийн хоёр үйлдэлтэй ор, 300 мянган төгрөгийн үнэ бүхий тарианы тэргэнцэр, том хүн, хүүхдийн пульсоксиметр, электромагни аппарат, утлагын аппарат зэрэг 10 төрлийн багаж , тоног төхөөрөмжтэй болсноор иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү чанартай хүргэх боломж бүрдлээ.
Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон ард иргэдийнхээ эрүүл энх, амар амгалан амьдралын төлөө түргэн шуурхай, эх, нярайн эндэгдэлгүй ажиллаж байна.