СОНГИНО СУМ МОРЬТНЫ СОЁЛЫН ГАЙХАМШГИЙГ ТАНИЛЦУУЛАВ
1134 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэн сурталчилах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Завхан аймгийн Сонгино сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар сумын ИТХ, ЗДТГ, “Сонгино хурд” морин спорт уяачдын холбоо хамтран Бор-Өндөр уулын өвөрт “Морьтой Монгол аян 2018” морьтны жагсаал зохион байгууллаа.

 

“Морьтой монгол аян” жагсаалыг нээж сумын ИТХ –ын дарга, Аймгийн алдарт уяач Ч. Пүрэвхүү үг хэлж, баяр хүргэсний зэрэгцээ сумын Засаг дарга М. Баттөмөр мэндчилгээ дэвшүүлж, тухайн өдөр машин, мотоциклийг замын хөдөлгөөнд оролцохгүй байх уриалга гаргасан юм. Сумын ИТХ, ЗДТГ, Завхан аймгийн Сонгино сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хамт олон жагсаалыг манлайлан хөтөлж, албан байгууллагууд, баг, ард иргэдийн цуваагаар үргэлжилж, 500 орчим морьтон гурван километр гаруй замыг туулан төв асрын өмнө наадамчдын уухайн түрлэг дунд бахархалтайгаар орж ирэв. Энэхүү жагсаалд хамгийн ахмад 85 настай Шар нуруу багийн малчин Г.Гомбоо, хамгийг балчир хоёр настай Баян-Айраг багийн иргэн Б. Батмагнайн хүү Б.Сумъяабазар  нар оролцлоо. Мөн цагаан, шарга, халтар, алаг, хээр, хүрэн зэрэг морины зүс ижилсүүлж жагссан нэг зуу орчим морьтон эмэгтэйчүүд хоёр километр замыг туулав. Хамгийн ахмад нь 76 настай П. Цэгмэд, Ж. Цэрэнпүрэв нар байв.

Жагсаалд сумын таван баг тус тусдаа асар майхан өртөөлөн барьж, морины уяа, зэл татаж, суран эдлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан нь уламжлалаа сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Түүнчлэн хамгийн олон морьтон В. Ариунболд даргатай Шар нуруу багаас оролцсон бол Б. Дашням эрхлэгчтэй сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон хээр морьд ижилсүүлэн, цэнхэр дээлээр жигдэрч жагссан нь онцлог байв.

 

Сайхан хос шалгаруулах тэмцээнд таван баг, Нутгийн зөвлөлийн төлөөлөл 18  хос морьтон үндэсний хувцас хэрэгсэл, ижил зүсмийн морьд, хуучны хийцтэй мөнгөн тоногтой эмээл, хазаар, хэт хутга, хударга, гаанс, хөөрөг зэрэг ховор нандин эд, хэрэглэгдэхүүнүүдээр гоёж оролцсоноос тэргүүн байрт Баян-Айраг багийн Б. Батмагнай, М. Бямбажаргал, дэд байрт Айраг нуур багийн У. Дашдаваа, Г. Цэрэндулам, гуравдугаар байрт Тариат багийн В. Батсүх, Ж. Олдцэцэг нар шалгарлаа. Морьтой монгол жагсаалыг сумын нийт ард иргэд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид үзэж сонирхон морьтны соёлын гайхамшигтай танилцлаа. 

Морьтой монгол жагсаалын нээлтийн үеэр хурмаст тэнгэр хураа хайрлаж, байгаль хангай сайхан хүлээн авч морьтон түмний уухайн түрлэгээр эвлэлдэн нэгдсэн түүхэн арга хэмжээг аймагтаа анх удаа зохион байгуулсан нь онцлог байлаа. Тус арга хэмжээнд сумын албан байгууллагууд, багууд, ард иргэд идэвх санаачилгатай оролцож, олон жил амбаар савандаа хадгалсан эмээл, хазаараа салхинд гаргаж, олом жирэм, угсуурга зэргээ бүрэн бүтэн болгож, авдрандаа хадгалсан гоёлын дээл, гутал, гоёл чимэглэлээ хэрэглэсэн олон хүн талархал илэрхийлж байв.

 

Сумын 130 автомашин нэг өдөр дунджаар таван литр шатахуун зарцуулдаг гэж үзвэл өдөрт 1.462.500 төгрөг, 220 мотоцикль нэг өдөр дунджаар хоёр литр шатахуун зарцуулахад өдөрт 814.000 төгрөг, сумын хэмжээнд өдөрт 2.276.000 төгрөг, нэг сард  68.295.000 төгрөг хэмнэх боломжтой тоон судалгаа гарч байна. Иймд морийг уналга, эдэлгээнд хэрэглэхэд эрүүл мэндэд тустай, эдийн засагт асар их хэмнэлттэй болохыг харж болно.

 

Тухайн арга хэмжээний хүрээнд аймгийн хойд бүсийн уран бүтээлчдийн дунд МУСТА, бүжигчин агсан Р.Оюунтунгалагийн нэрэмжит “Монгол морь” дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд Сонгино, Цэцэн –Уул, Асгат, Түдэвтэй  сумдын 13 дуучин оролцож шилдгийн шилдэг Гран при шагналыг Сонгино сумын ардын авъяастан Д. Цэрэнлхам хүртлээ.

 

2018-07-27 10:12:19