ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ
1420 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын  сургуулийн 80 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулав. Хүчит 64 бөх барилдаж, зургаан насны морь уралдуулж, харваачид цэц мэргэнээ сорин өргөн дэлгэр наадлаа. Түүхт 80 жилийн ойгоо угтаж “Манай анги хамгийн гоё” аян, 80 бүтээлч ажлуудыг  хийж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад хамт олноороо туршлага судлахын зэрэгцээ төгсөгчдийн хандиваар  сургуулийн бүх анги танхимд засвар хийж, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангагдлаа. Ойн үеэр сургуулийн номыг санг тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, 17 жил захирлаар ажиллах хугацаандаа сургуулийн материаллаг баазыг бэхжүүлсэн ахмад багш Д.Нямаанбуугийн нэрэмжит номын өргөө болгон нээлтээ хийлээ.

Томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал: Сургуулийн 70 жилийн ойн “Их далайн дундах 70 давхар давлагаа” номны үргэлжлэл болгон 2008-2018 оны түүхийг илтгэсэн “Ахиж тэлсэн 10 давхар давлагаа” ном бүтээж, төгсөгч Б.Мөнх-Эрдэнийн туслалцаатайгаар “Шилүүстэйн сургууль” дууны клип хийж, төгсөгч Ц.Буяндүүрэнгийн зохиосноор сургуулийн лого, далбааг  шинэчилж, төгсөгч Аймгийн засаг даргын орлогч Б.Ариунаагийн дэмжлэгтэйгээр сургуулийн талбайд хүндэтгэлийн хөшөө босгож, 1987 оны 8Б анги төгсөгчид цахилгаан хөгжмийн иж бүрдэл бэлэглэсэн бол өөрсдийн нөөц боломжийг ашиглан сургуулийн  талбайд 200 метр квадрат явган хүний зам, усан оргилуур, 300 гаруй мод, 35  цэцгийн мандал шинээр хийлээ.  “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн хүрээнд эцэг эхчүүд, албан хаагчдын санаачилгаар дотуур байрны орчинд үнэлгээ хийж, албан байгууллага бүр нэг тасаг тохижуулсны зэрэгцээ хүүхдээ эргэхээр хөдөөнөөс ирсэн аав, ээжийг хүүхэдтэйгээ хамт хонож, хооллож, хичээл номыг давтуулж, хувцсыг нь угаах, оёх боломжоор хангасан “Аз жаргалын өргөө” эцэг эхийн өрөөг дотуур байранд ажиллуулж байна. Мөн аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн үе үеийн төгсөгчдийг манлайлан химийн кабинетийг ангийнхантайгаа хамтарч орчин үеийн жишигт нийцүүлэн тохижуулснаас гадна дотуур байрны нэг өрөөг зурагт, хөргөгч, угаалгын машин, индүү, гэр интернет, халуун усны шүршүүр зэргээр бүрэн тоноглож “Жишиг тасаг” болгон тохижууллаа.

Шинэ хичээлийн жилээс тус тасагт сургуулийн захиргаанаас баталсан тусгай журмын дагуу байрандаа үлгэр жишээ амьдардаг сурагчдыг шагнал болгон тодорхой хугацаанд амьдруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээрээ сурагчид жишиг тасагт амьдрахын тулд үлгэр жишээ амьдрах хүсэл тэмүүлэлтэй болж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлөх юм. Сургуулийн ойн баяр наадмыг ивээн тэтгэсэн,   төрөлх сургуулиа тохижуулахад бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлсэн нийт төгсөгчид, үе үеийн багш, ажилчид, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Улиастайн нутгийн зөвлөлийн хамт олонд гүн талархал илэрхийлье.  

 

 

2018-07-28 10:47:34