ИХ-УУЛ СУМ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙГОО ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ
3036 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэвэн гарах хүчтэний өлгий нутгуудын нэг, дэлхийд ховорхон сарлагийн нутаг, дэлэнт малын буян заяа нь оршсон, замын хүн саатан тухалмаар Завхан нутгийн  хилийг манасан харуул занги, дээш дээшээгээ цойлсон их уулсын орон Их-Уул сум үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой 2018 оны долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд  боллоо. Монгол улсын сумдын түүхэнд хоёр хөдөлмөрийн баатараар удирдуулсан цорын ганц сум, үе  үеийн  хөдөлмөрч, ажилсаг Их-Уулчуудын Монгол улсын хөгжил  дэвшил, ардчилсан төрт ёсыг төлөвшүүлэн тогтооход  оруулсан хувь нэмрийг  төр засаг   өндрөөр үнэлж  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 16-ны өдрийн  92 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор  шагнасан тухай зарлигийг Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын  газрын  дэд дарга Б.Саруул  уншиж  сонордуулан  одонг   гардуулж өглөө. Энэхүү  шагнал нь үе үеийн Их-Уулчуудын хөдөлмөр зүтгэл,  улс  орны  хөгжил дэвшилд оруулсан  хувь нэмрийг Монголын төр өндрөөр үнэлсэн явдал хэмээн нутгийн  уугуул, суугуул  иргэд болон тус сумтай ажил амьдралаа холбосон  ард түмэн баяртайгаар хүлээн авлаа.

Баярын хурлын  үеэр залуу сайхан насаа сум орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан төр захиргааны ахмад ажилтан  Г.Ишжамц,  Хуягт багийн өндөр настан Ч.Доржпалам нарын есөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зарт багийн иргэн Д.Чойжилсүрэн, Хуягт багийн иргэн Ч.Сандаг, Хонгор багийн иргэн Монгол Улсын аварга  малчин Б. Гэлэгжамц нарын долоон хүнийг “Алтан гадас“ одонгоор, Засгийн газрын болон салбарын шагналаар 25 иргэн тус тус шагнууллаа. Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн УИХ-дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Хаянхярваа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Нутгийн зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар нар болон тус сумаас төрсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Бираабазар, Ж.Чойжилсүрэн, Б.Лхагваа, Монгол Улсын гавьяат багш У.Дэмбэрэлнямбуу, Гавьяат хуульч,  сумын засаг даргаар ажиллаж байсан О.Нямдорж, МУГЖ У.Далантай, Л.Дэмидбаатар,Т.Карма, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Хайдав, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв нар хүрэлцэн ирж  оролцлоо.

Ойгоо угтаж олон сайхан бүтээлч  ажил хийсэн  бөгөөд Байтаг богдын  тулалдаанд  баатарлаг гавьяа байгуулан амь үрэгдсэн  тус сумын уугуул  домогт хилчин Найдансүрэнгийн Дандархайдавын хүрэл хөшөөний нээлт боллоо. Хөшөөг нутгийн уугуул “Их баян жалга “ХХК-ийн захирал С.Басбаяр  тэргүүтэй иргэд ивээн тэтгэж   сумын цэцэрлэгт хүрээлэнгийн төвд босгов. Мөн залуу бизнесмен “Азбат” ХХК-ийн захирал Ө.Алтангэрэлийн ивээн тэтгэж, Д.Мөнхбат, Г.Бавуусүрэн, Л.Өлзийбат, Ч.Дашренчин нарын эмхтгэсэн “Их-Уулчуудын эрин дамнасан цадиг” түүхэн товчооны ном, Р.Хайдав, Л.Дэмидбаатар нарын ивээн тэтгэсэн, Г.Бавуусүрэнгийн зохиол ”Их Уулчуудын эрин дамнасан түүх “ баримтат киноны нээлт боллоо.

 

Энэ үеэр тус сумаас төрсөн урлагийн алдартнууд, үе үеийн уран сайханчид оролцсон “Их-Уулчуудын эрин дамжсан аялгуу” хүндэтгэлийн тоглолт, ”Их-Уулсын үдэш“ цэнгүүн зэрэг олон сайхан үйл ажиллагаа болов.

Их-Уул сумын түүхт 95 жилийн ойд зориулсан сумын цол олгох 128 бөхийн барилдаан, тавиас дээш настай бөхчүүдийн барилдаан, Цэргийн  начин Д.Батболдын нэрэмжит хүүхдийн барилдаан, хос  морьтон шалгаруулах тэмцээн, зургаан насны хурдан морьдын уралдаан, улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, Монгол туургатны  шатрын холбооны мастер  Базаагийн Мягмарсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн, сур харвааны тэмцээнүүд  болов. Сумын цол олгох барилдаанд  Б.Төгөлдөр долоо даван түрүүлж сумын заан цол, Т.Отгонбат зургаа даван үзүүрлэж сумын харцага цол, Г.Бямбадорж тав даван шөвгөрч сумын начин цолыг тус тус хүртэж, сумын начин Б.Бат-Өлзий начин цолоо баталлаа. Тавиас дээш настай бөхийн барилдаанд аймгийн заан Р.Батцэнгэл түрүүлж, аймгийн заан Р.Батсуурь үзүүрлэж, сумын заан Д.Сэржанцан, Д.Цогтбаяр нар шөвгийн  дөрөвт үлдсэн бол улс, аймаг ,сумын цолтой бөхийн барилдаанд  Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Монгол Улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэж, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Мөнхтогтох нар шөвгийн  дөрөвт үлдлээ. Ийнхүү  Завхан аймгийн томоохон сумдын нэг Их Уул сум үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

 

2018-07-29 11:51:42