Залуу хойч үеэ эх оронч үзэлтэй, бусдын төлөө сэтгэлтэй, үг даах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөр эрхлэх бие бялдар, багаар ажиллах чадвартай, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар хамтран Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Есдүгээр сарын тавнаас 20-ны өдрүүдэд болсон тус сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцсон юм. Сургалтын эхний үе шатыг есөн бүсэд хийж, цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгууллаа. Энэ үеэр “Цэрэг эх оронч хүмүүжил”, “Амьд гарах ухаан”, “Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл”, “Галын бэлтгэл”, “Сэтгэл зүйн бэлтгэл”, “Биеийг тамир, гардан тулаан” зэрэг хичээлийг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 50 багш, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн 250 гаруй сонсогч мэргэжлийн өндөр түвшинд зааж сургалаа.
Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтын үеэр сурагчид нийгэмд тустай ажилд гар бие оролцож, сум бүрт 2-7 айлыг шинэ хашаатай болгох үйлсэд хамтран зүтгэлээ.
Эхний шатны сургалтандаа амжилттай суралцсан сурагчид бүс тус бүрээсээ марш үйлдэн Их-Уул сумын Цэцүүх багт тусгайлан бэлтгэсэн хээрийн сургалтын зүг хөдөлсөн юм. Энэ үеэр мөн л багаараа хамтран ажиллаж, шинээр авто зам тавигдаж буй 30 орчим км газрын хог, чулууг цэвэрлэлээ.
Сурагчид хээрийн сургалтын үеэр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтын бэлтгэлээ хийхийн зэрэгцээ алдартай хүмүүсийн лекцийг сонссоноор өөрийгөө олох, зорилго, ирээдүйгээ зөв тодорхойлох, эх орон, ижий ааваа хүндэтгэн хайрлах зэрэг олон ухаарлыг олж авсан гэж хэлж болно. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Эх оронч хүмүүжлийн тухай, Бригадын генерал Л.Онцгойбаяр Эх орон, ээж аав, эр цэргийн тухай, лектор н.Чинзориг “Дели Карнеги” харилцаа хандлагын тухай, Монгол Улсын хөдөлмөрийн баатар н.Жадамбаа ажлын туршлага, амьдралын арга ухааныхаа тухай тус тус лекц уншиж, Монголын бурхан шашны тэргүүн, хамба лам Д.Чойжамц Зөв хандлага, энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаар яриа хийж ном айлдлаа.
Сурагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд сургах зорилгоор “Өсвөрийн аврагч” марш тактикийн тэмцээн зохион байгууллаа.
Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтад оролцсон сурагчид энэ жил 16, 17 настай. Тэднийг хорвоод мэндэлж буй тэртээх жилүүдэд Завхан аймагт томоохон түймрүүд гарсан байдаг. 2000-2003 онд хэт хуурайшилтын улмаас Завхан аймгийн хэмжээнд нийт 133 мянган га ой мод шатсан хэдий ч ердөө 3600 га ойг цэвэрлээд байгаа юм. Их-Уул сумын нутагт орших Ар ганга ууланд 577 га талбай шатжээ. Энэ хэсэгт 170 орчим хөрөөчин, ой хамгаалагчид зэрэг 450 гаруй хүн ажилласны дараа хүүхдүүд 168 га талбайг цэвэрлэх ажилд гар бие оролцож 130 гаруй сая төгрөгийн мод бэлтгэлээ. Хүйн холбоотой байгаль эх дэлхийгээ хайрлах, авран хамгаалах үйлсэд сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж чадсандаа тэд баярлаж бас бахархаж байлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирж хүүхдүүдэд урам зориг хайрласан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сургалтын төвийн байрлал, үйл ажиллагаатай танилцсанаас гадна өглөөний нэгдэлтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, хүүхэд бүртэй дурсгалын зураг татууллаа.
Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтын үеэр “Цэрэг-эх орон” сэдэвт шүлгийн тэмцээн, ХСИС-ийн багш, албан хаагч, сонсогчдын урлагийн тоглолт, “Эх орны гэрэлт ирээдүй” сурагчдын урлагийн нэгдсэн гала тоглолт зэрэг соёл, олон нийтийн ажлуудыг зохион байгуулсан юм. Сурагчид хээрийн сургалтынхаа сүүлийн өдөр ирээдүйн зорилгоо тодорхойлох, сэтгэгдлээ хуваалцах нөхөрлөлийн уулзалт зохион байгуулж, есдүгээр сарын 20-ны өглөө Улиастай хотын зүг цуваагаар хөдөллөө. Ийнхүү Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтын хаалтын үйл ажиллагааг Завхан аймгийн төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан сурагчид ижий аав, үе тэнгийн найз нөхөд, нутгийн ард түмэндээ сурсан эрдэм, чадвараа харуулж, тэднийхээ бахархал, омогшлыг төрүүлж чадсан юм.
Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтын хаалтын үйл ажиллагааг үндэсний бахархал болсон 3030 морин хуурын аялгуугаар мялаалаа. Завхан аймгийн 29 сургуулийн 1000 гаруй хуурч хүүхдүүд, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, нийслэлийн долоон дүүрэг, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС-ийн 7-70 настай хуурчид энэхүү тоглолтод оролцсон юм. “Очирваанийн эгшиглэн” морин хуурын чуулгаас эхтэй 999, 2222 өсвөрийн морин хуурчдыг төрүүлж чадсан Завханчууд энэ удаад 3030 морин хуурчдыг тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Энэ бол үндэсний бахархал болсон хан хуураа өвлүүлэн дэлгэрүүлэх гэгээн үйл хэргийг улс орон даяар түгээн дэлгэрүүлсний үр шим юм гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо. Хуурчид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн Дуут нуур, хөгжмийн зохиолч Д.Сүхбаатарын Үүлэн бор, Н.Жанцанноровын Монгол аялгууг эгшиглүүллээ.
Богино хугацаанд эх орныхоо ирээдүйг бүтээх их зүйлийг сурч, ээнэгшин дассан хүүхдүүд ийнхүү нулимс дуслуулан хаалтын үйл ажиллагаандаа оролцлоо. Тэд ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байж амжилттай суралцахад нь үргэлж тусалж дэмжиж, зааж сургаж байсан багш нар, баяр жаргалтай, бэрхшээлтэй олон давааг атгасан гар шиг хамтдаа туулсан найз нөхдөдөө хорогдон байж гэр гэрийн зүг явлаа. Тэд одоо ээж аавын эрх хүүхдүүд бус эх орон дуудахад хамгийн түрүүнд түүчээлэх эрэлхэг баатрууд болсон.
Б.Оюун-Эрдэнэ