Завхан аймагт 2012 онд суурийг нь тавьсан Баруун бүсийн олимпын сургалтын төв, усан спорт цогцолборын санхүүжилт зогссоны улмаас барилгын ажил царцаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн жилээс барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан зэрэг албаны хүмүүс оролцов.
Усан бассейн бүхий спорт цогцолбор нь нийт 1000 хүний суудалтай бөгөөд 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний судалтай спорт заал, жудо, самбо бөх, гимнастик болон бүн төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай, иж бүрэн агааржуулалтын системтэй, усан халаалттай юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Завхан аймагт төдийгүй баруун бүсийн хэмжээнд усан спорт болон спортын бусад төрлөөр стандартын шаардлага хангасан, тохилог орчинд уралдаан тэмцээн зохион байгуулах боломж бүрдлээ.
Нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус спорт цогцолборыг "LCB" ХХК барьж ашиглалтад оруулав.
Б.Оюун-Эрдэнэ