ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.БАТМӨНХ: ЭНЭ ЖИЛ БОРОО ХУР ИХТЭЙ САЙХАН ЗУН БОЛСОН ТУЛ ХҮН МАЛЫН ЗОО ТЭНЭГЭР БАЙНА
3591 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сум, орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар Цагаанхайрхан сумын Засаг дарга Ч.Батмөнхтэй ярилцлаа.

 

Завхан аймгийн урд бүс нутагт байрлах Цагаанхайрхан сумын тухай эхлээд товчхон танилцуулаач. Танай сумын онцлог юу вэ?

 

Тус сум нь Отгонтэнгэр уулын баруун суганд оршдог зүүнээс баруун тийш сунаж тогтсон 2.5 мянган километр квадрат газар нутагтай, Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Говь-алтай аймгийн Жаргалан, Алдархаан сумуудтай хиллэдэг, хангай говь хосолсон, Ширээ, Төмөрт, Хуримт, Цэцэрлэг Чулуут зэрэг голууд, Мааньт, Цэцэрлэгийн рашаан, Тахилгатын шугуй, Ширээ чулуу, Гарьдын даваа, Их бага мянган, Хярын зуслан зэрэг  байгалийн үзэсгэлэнт газруудтай, олон төрлийн эмийн ургамал ургадаг, эртний хөшөө дурсгалт газруудтай сайхан нутаг аа. Олон эрдэмтэн доктор, генерал, аварга малчин, тээвэрчид төрөн гөрсөн байдаг. Манай сум 420 өрхтэй, 100 мянга давсан толгой малтай. Зун хангайдаа гардаг, өвөлдөө говьд өвөлждөг бэлчээрийн менежмент сайтай. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрстэй, сүүлийн үед чацарганы тариалалт нэлээд нэмэгдэж байна.

 

  2018 он гараад хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Цагаанхайрхан суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын  талаар мэдээлэл өгөөч?

 

Энэ онд манай суманд улсын болон орон нутгийн төсвөөс нийт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, одоогоор Ширээгийн голын төмөр бетон гүүр баригдаж эхлээд байна. Мөн улсын төсвийн 37 сая төгрөгийн санхүүжилтээр Засаг даргын Тамгын  газрын барилгын засварыг хийлээ. Хярын зусланд жи-мобайлын дахин дамжуулах станц баригдахаар гүйцэтгэгч компонитай гэрээ хийж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо. Мөн Ёслол хүндэтгэлийн өргөөг ард иргэдийн хандиваар байгууллаа. “Миний гоё сум” төслийн хүрээнд хогийн цэгээ техникийн хүчээр дарж булсан, сумын төвийн дэлгүүрүүд өөрсдийн хөрөнгөөр гадна талбайгаа тохижуулж гэрлэн хаягтай болсон, багууд өөрсдийнхөө хүчээр замаа засаж, хогоо цэвэрлэсэн зэрэг олон ажлууд хийгээд байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Ширээгийн голын гүүрийн барилгын ажил ямар түвшинд үргэлжилж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

 

Энэ хавар эхэлсэн Ширээгийн голын төмөр бетон гүүрийн ажил эрчимтэй явагдаж байна. Гүйцэтгэгч “ЗЗБ” ХХК  нь 2019 оны аравдугаар сард гүүрийг барьж дуусгах гэрээтэй ажиллаж байна. Энэ ондоо нийт ажлынхаа 70 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж, одоогоор ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээд байна. Сум орон нутгийн зүгээс гүүрийн ажлыг хэвийн явуулахад нь хамтран ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтад сумаас 20 гаруй иргэн түр ажлын байраар хангагдан ажиллаж байна.

 

Танай суманд олон жил хүлээсэн бүтээн байгуулалтын нэг бол яах аргагүй цэцэрлэгийн шинэ барилга. Цэцэрлэг шинэ байртай болсноор сургуулийн өмнөх боловсролын чанарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

 

2011 оноос хойш баригдаж буй цэцэрлэгийн барилга энэ оны эхээр ашиглалтад орж багш ажилчдын ажиллах орчин, хүүхдийн сурч хөгжих нөхцөл сайжирч, хамран сургалт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ сумын төвд өнгө үзэмж нэмсэн нэгэн шинэ байгууламжтай боллоо.

 

Танай сум “Ёслол хүндэтгэлийн өргөө”-тэй болсон гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө,  ард иргэдийн хандив тусламжаар бид “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г бий болгоод байна. Үүнд Улаанбаатар, Дархан Эрдэнэт хот дахь Нутгийн зөвлөл, Замын-үүдэд ажиллаж амьдарч буй нутгийн зон олон, орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийнхээ хүчээр энэхүү өргөөг барьж,  нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэ өргөөнд гадна дотноос ирсэн зочид төлөөлөгчийг хүлээн авах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааныг хийх, хуримаа хийж буй гэр бүлүүдээ ёслол хийлгэх гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулах боломжтой боллоо.

 

Энэ жил сум орон нутгийн өнгө үзэмж хэрхэн сайжирч, ард иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл хэр дээшлэв?

 

“Миний гоё сум” төслийн хүрээнд бид хогийн цэгийг дарж булах ажлыг хийж, албан байгууллагуудын эргэн тойрны 100 метр газар, зам дагуух газар, булаг шандыг хуваарилан хариуцуулж, цэвэрлэгээг хийж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд гадна талынхаа өнгө үзэмжийг сайжруулж, шинээр хашаа барилаа. Сумын төвийн зам дагуу ногоон байгууламжийг нэмэгдүүлснээс гадна нэг га талбайд чацарганы тариалалт хийлээ.  2017 онд болсон “Хүүхдийн чуулган”-аас гаргасан саналын дагуу энэ онд сумын төвийн гэрэлтүүлгийг шинэчлэн сайжрууллаа.

 

Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх тал дээр санаачлан хийж буй шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

Залуу болон амжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг малжуулах чиглэлээр дөрвөн багийн найман айлд малжуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг айлд 2.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хээлтэгч малыг өгч байна. Мөн аймаг сумын аварга малчид, нэг мянгаас дээш толгой малтай малчидтай хамтран “Малжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Ногоон алт төсөлтэй хамтран нэг иргэнийг сургалтад хамруулан ноос самнах, утас ээрэх тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна. Малчдын хийсэн цагаан идээг сум орон нутагтаа худалдан авах, байгууллагууд сумынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэх ажлыг хэрэгжүүлж байна.

 

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Нийт төрийн албан хаагчдад айл өрхүүдийг хуваарилан өгч, хариуцсан айл өрхүүддээ сар бүр мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна. Долоо хоног бүрийн Даваа гаригт байгууллагын удирдлагуудын хурлыг зохион байгуулж, өмнөх долоо хоногт хийсэн ажлаа дүгнэн,  хийх ажлаа төлөвлөж, мэдээллээ солилцон ажиллаж байна.  Засаг даргын Тамгын газрын ажилчдын цаг ашиглалтыг сайжруулах чиглэлээр хурууны хээгээр цаг бүртгэх төхөөрөмж тавилаа. Засаг даргын захирамжаар  байгуулагдсан ажлын хэсэг хөдөөгийн айл өрхүүддээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

 

Танай суманд зуншлага ямар болов. Өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна?

 

 Бороо хур ихтэй байсан тул мал тарга хүчээ сайн авсан, хүн малын зоо тэнэгэр сайн зун болж өнгөрлөө. Сумын Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 20-оос ард иргэд, албан байгууллагууд хадландаа гараад байна. Манай сум жилд 300-400 тонн байгалийн хадлан бэлтгэдэг. Одоогоор хадлангийн ажил 60 гаруй хувьтай байна. Бороо хур долдугаар сараас хойш орсон учраас өвсний ургалт өмнөх жилүүдээс бага.  Гэвч  300 орчим тонн байгалийн хадлан авах төлөвлөгөөтэй  ажиллаж байна.  Малчид, ард иргэд өвөлжөө бууцаа засварлаж байна. Мөн малчдадаа гар тэжээл бэлтгэх зааварчилгааг өглөө.  

 

Цаашид Цагаанхайрхан сумын хөгжлийг хурдасгах ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол?

 

Энэ жил сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг хийлгэхээр ажиллаж байна. Манай сум нь аймгийн төв Улиастай сум, Говь-Алтай аймгийн зам дагуу байрладаг. Төлөвлөгөөндөө зам дагуух газрыг иргэдэд олгож, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн чанарыг сайжруулах, фермерийн аж ахуйг дэмжих, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сумыг нэн тэргүүнд нэгдсэн халаалтын системд холбох, мөн сургуулийг 12 жилтэй болгож хүүхдүүдээ сумандаа боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байгаа юм.  

 

Ярилцсанд баярлалаа

2018-09-20 01:39:19