Сум, орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар Баянхайрхан сумын Засаг дарга С.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Баянхайрхан суманд намрын их ажил хэрхэн өрнөж байна вэ?
Сайхаан, сайхан намаржиж байна уу? Баянхайрхан сум нь Асгат, Наран, Минж, Төөнт гэсэн засаг захиргааны дөрвөн нэгжтэй, 255.822 га нутаг дэвсгэртэй, 575 өрх, 1795 хүн ам, 106.042 толгой малтай, 411 малчин өрхтэй, 20 гаруй төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагатай, Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төв Улиастай хотоос 250 километр алслагдсан, хангайн уулархаг бүс нутагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгалтай сум юм. Баянхайрхан сумын гол үйдвэрлэл нь мал аж ахуйн үйлдвэрлэл байдаг тул хадлан тэжээлээ бэлтгэх, өтөг өвөлжөөгөө засаж сэлбэх, хужир шүү базаах, малын ангилалт хийх, мал сүргээ эргэлтэд оруулах, түлээ түлшээ бэлтгэх гээд л ажил өрнөсөн өдрүүд болж байна. Энэ зуны тухайд байгаль дэлхий өлзий ээлээ өгч өвс ногоо сайхан ургасан тул сумын иргэд хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж авах боломж бүрдэж, наймдугаар сарын байдлаар байгалийн хадлан 180 тонн бэлтгэж, дөрвөн багийн 12 иргэн 12 өвөлжөө бууцаа засварлаж, инженерийн хийцтэй хоёр худгийг сэргээн засварлаад байна. Аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн гэрээний дагуу малчид, иргэд 2225 тонн хадлан, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэхээс малчид иргэд 180 тонн хадлан, 32 тонн өвс, 7.5 тонн тэжээл бэлгэж, 68 тонн өвс, 22.5 тонн тэжээлийг нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 50 хувийн биелэлтэй байна. Сумын дөрвөн багийн 368 хээлтүүлэгч малаас бруцеллёз өвчний түүвэр тандалт шинжилгээг авч, бог малын мялзан, шүлхий өвчний түүвэр тандалт судалгаанд 15 малчин өрхийн 200 малыг тус тус хамруулан ажиллалаа.
Танай сумын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, 2018-2019 оны хичээлийн жилээ шинэ байртай угтаж байна. Сургалтын орчныг дагаад боловсролын чанараас гадна олон ахиц дэвшил гаргахаар төлөвлөсөн болов уу?
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын их хурлын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Харганат” ХХК 2016 оноос хойш барилга угсралтын ажлыг хийж, 160 хүүхдийн хичээлийн байрыг спорт заалын хамт хүлээлгэн өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хамт олон болон сумын нийт иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан том бүтээн байгуулалтын ажил боллоо. Сумын иргэд хөдөлмөрчид ч сэтгэл хангалуун баяртай байгаа. Энэ хичээлийн жилд тус сургуульд 260 орчим хүүхэд суралцана. Хичээлийн үйл ажиллагаа нэг ээлжийн системд орж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах орчин бүрдэж, багш бүрийн санаачилга, хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт гарч, бие хүнээс хувь хүн төлөвшүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч Монгол хүн төлөвшүүлэх ажилд ахиц гаргах, боловсролын салбарын тулгын гурван чулуу болсон багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг чанаржуулж, үйл ажиллагаа зохион байгуулах хуваарь гарган хамтран ажиллахаар төлөвлөж байна. Хичээлийн жилийн эхнээс л үйл ажиллагааг үр дүнд суурилсан байхаар төлөвлөж, бүтээлчээр эхлүүлэн ажиллаж байна. Мөн цэвэр, тохилог, таатай орчинд ажиллаж, сурч байгаа хамт олны хувь хүний болон байгууллагын соёлд ахиц гарна гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд сургуулийн хүүхдүүдийн амжилт сурлага, урлаг спортын бүхий л чиглэлээр өсөж байгаа. Хичээл үйл ажиллагаа нэг ээлжийн системд орж, багш бүр ажлын байрандаа хөгжиж, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулж, хөгжилд ахиц гарах болно.
Малчдад тулгамдаж буй асуудлын нэг бол зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадах хэрэгтэй болдог. Ингэснээр эцэг эх нь тусдаа амьдарч, мал аж ахуйн салбартаа хоёулаа зүтгэх боломжгүйд хүрдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, зургаан настай хүүхдийг байнгын асаргаа халамж, хяналтан дор эрүүл, аюулгүй гэрийн нөхцөлд амьдарч, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жилээс сургуулиуд “Гэр өргөө”-тэй болж байна. Танай сум “Гэр өргөө”-гөө хэрхэн байгуулж байна вэ. Малчид энэ санаачилгыг хэр дэмжиж байна?
Малчин өрхүүдэд тулгамддаг нэг томоохон асуудал бол сургуульд шинээр элсэж буй зургаан настай хүүхдүүдээ хэрхэн сургах явдал байдаг. 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн дотуур байранд “Гэр өргөө” байгуулах төсөл боловсрууснаар гурван сая төгрөгийн дэмжлэг авч, дотуур байрны гурван өрөөг нэгтгэн тохижуулж байна. Энэ хичээлийн жилд тус гэр өргөөнд малчдын зургаан настай таван хүүхэд сурч, амьдрахаар болсон. Дотуур байранд гэр өргөө тохижуулж, зургаан настай хүүхдүүдийг хүлээн авах талаар зургаан настай хүүхэдтэй малчин бүрт мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож, ярилцлага зохион байгууллаа. Малчид тус санаачилгыг дэмжиж, таатай хүлээн авч хамтран ажиллаж байна.
Сургууль 160 хүүхдийн хичээлийн шинэ байр, спорт заалтай болсноос гадна энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр өөр ямар бүтээн байгуулалтын ажлууд хийв?
2018 онд 160 хүүхдийн суудалтай хичээлийн байр, спорт заалны хамтаар хүлээн авлаа. Мөн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, тавилга эд хөрөнгийг шинэчлэх зорилгоор 7.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Хичээлийн нэгдүгээр байр болон дотуур байранд 1.8 сая төгрөгөөр урсгал засвар хийж байгууллагын өнгө үзэмжийг сайжрууллаа. Канад Америкийн хөрөнгө оруулалттай “Боловсрол хөгжил” төсөлтэй сүүлийн гурван жил хамтран ажиллаж, давхардсан тоогоор 164 хүүхдэд англи хэл, хөгжмийн чиглэлийн зуны сургалт зохион байгуулан оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийн хүрээнд хувилбарт сургалтад зориулж манай сумын цэцэрлэгт хоёр сая төгрөгийн иж бүрэн гэр, 8.192.000 төгрөгийн тавилга, тоглоомын хөрөнгө оруулалт хийгдлээ. Мөн Засаг даргын Тамгын газрын автомашины парк шинэчлэлт хийж пургон машинтай болсноос гадна аймгийн Засаг даргын нөөц сангаас 30 сая төгрөгийн санхүүжилтээр барилгын дээврийн засварын ажлыг хийлээ. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Монгол улсын зөвлөх инженер Д.Дамба таван сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, Засаг даргын Тамгын газрын халаалтын шинэчлэлийг хийгээд байна. Сумын эрүүл мэндийн төвийн барилгын их засварт Японы элчин сайдын яамны “Өвсний үндэс” төслөөс 200 сая төгрөг, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 100 сая төгрөгийн эх үүсвэр шийдэгдэх шатандаа явж байна.
Орон нутгийн хөгжил дэвшилд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нэлээд хувь нэмэр болдог. Танай сум дээрх сангуудын хэчнээн төгрөгийн хөрөнгөөр, иргэдийнхээ амьдралд тустай ямар ажлууд хийж байна вэ?
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013-2018 онд 384.650.000 төгрөгний 34 ажил хийгдэж, төсвийн хөрөнгө дутагдалтай үед суманд зайлшгүй шаардлагатай байгаа ажлуудыг шийдвэрлэж, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Жишээ нь: Баянхайрхан сумын тухайд өвлийн улиралд цас их унаж хунгарласнаас зам даваа хаагдаж, баг сумын холбоо тасрах тохиолдол их байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд цас түрэх зам гаргах зориулалтаар ковш трактор худалдан авсан нь иргэдийн амьдралд хувь нэмрээ өгсөөр байна. Мөн Багийн хөгжлийн төв, зам давааны засвар, сумын төвийн замын засвар, баяр наадмын талбай, угтах үдэх хаалга, морин хуур хөгжим, бөхийн засуулын хувцас , 0.4 киловатт шугамын өргөтгөлийн ажил, цаг уурын ажиглалтын талбайн засвар, багуудад шинээр худаг гаргах, засварлах ажлыг хийлээ. Мөн шээсний шинжилгээний анализаторын аппарат худалдан авсан нь шээсний шинжилгээг сумандаа өгөх боломж бүрдсэнд иргэд маш их сэтгэл ханамжтай байгаа. Энэ нь иргэдийн зардал чирэгдэлийг багасгахаас гадна бөөр шээсний замын суурь өвчин эрт оношлогдож, эмчлэгдэх боломж бүрдсэн. 2018 оны тухайд ”Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн өнгө үзэмж сайжруулах ажил, Төөнтийн давааны зам засварын ажил, хогны машин худалдан авах зэрэг ажлууд хийгдэж байна. 2011 оноос хойш сум хөгжүүлэх сангийн 150 сая төгрөгийн санхүүжилтээр иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа бөгөөд одоогийн байдлаар зээлийн эргэлтийн санд 190 сая гаруй төгрөг байна. Үүнээс давхардсан тоогоор 125 иргэнд 250 гаруй сая төгрөгийг олгож , 106 түр болон байнгын ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшинд тодорхой үр нөлөө үзүүлж байна. Жишээ нь, сумын иргэд өөрсдөө санаачлан байгуулсан талхны цех, цайны газар, сур суран бүтээгдэхүүн, модон эдлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, худалдаа үйлчилгээ, төмс хүнсний ногоо тариалалт, гутлын үйлдвэрлэл, оёдол эсгүүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, иргэд өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлэн ажиллаж байна. Манай сумын тухайд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн хэрэгцээт зээлийг сум хөгжүүлэх сангаас шийдвэрлэж өгсөн. Шаардлагатай үед Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран сургалтуудыг зохион байгуулж байна. 2016 онд ноосон эдлэлийн сургалт, 2017 онд гутлын сургалт зохион байгуулсан.
Сум бүр өнгө үзэмжээ сайжруулах, цэвэр, тохилог, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулсаар байна. Танай сумын тухайд?
Баянхайрхан сумын уугуул Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбын санаачилгаар биологи-газарзүйн хичээлийн ахлах ангийн анхдугаар олимпиад зохион байгуулж, тэргүүн байранд шалгарсан сурагчийг 1.8 сая төгрөгөөр шагнаж, нийт таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төгсөгчдийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, 1988 онд тус сумын сургуулийн наймдугаар анги төгссөн төгсөгчид 2.5 сая төгрөгийн өртөг бүхий үндэсний бөхийн ширмэл “Дэвжээ” бэлэглэлээ. Засаг даргын Тамгын газар урсгал засвар хийж, гаднах талбайдаа хайс хашаа барьж, мод, зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Хүүхдийн цэцэрлэг өөрийн хөрөнгөөр гаднах тоглоомын талбайн хайс хамгаалалтыг нэмэгдүүлж, гарын доорх материал ашиглан шинээр тоглоомууд хийлээ. Эрүүл мэндийн төв моргийн өрөөг засан тохижуулж, Ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг байгууллагууд барилгын гаднах өнгө үзэмжээ сайжруулж, өөрийн хөрөнгөөр засвар хийж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ. Мөн багийн төвийг тохижуулснаас гадна төрийн албан хаагчид, иргэдийн оролцоотойгоор төвлөрсөн хогийн цэгийг булах, шатаах, шуух аргаар эзлэх талбайн хэмжээг багасгаж эмх цэгтэй болгосон зэрэг олон ажлуудыг хийсээр байна.
Завхан аймаг 2018 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд Баянхайрхан сум бусад орон нутгуудад үлгэр дуурайлал болох ямар шинэлэг ажлууд хийв?
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн сумын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, төрийн албан хаагчийн баримтлах есөн зарчим, ёс зүйн дүрмийг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлж байна. Байгууллага бүр хууль журмын дагуу “Ёс зүйн хороо” байгуулж, үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажлын байрны сургалтыг хийж хэвшлээ. Төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зарчмыг хэрэгжүүлж, шинэ хандлага, шинэ сэтгэлгээ, шинэ санаачилга, шинэ бүтээл, шинэ амжилт гэсэн таван шинэ зарчмаар ажиллаж байна.
Төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай, чанартай хүргэх зорилгоор аймгаас багуудын ажлын албанд багагүй хөрөнгө оруулалтууд хийлээ. Тиймээс иргэдэд хүрэх үйлчилгээг илүү чанаржуулахын тулд сумын түвшинд ямар төлөвлөгөөтэй ажиллах бол?
Техник технологи хөгжиж байгаа энэ үед иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж хүртээмжтэй ажиллах нь нэн тэргүүний ажил болж байна. Багууд компьютер, мотоциклоор хангагдсанаартөрийн үйлчилгээг багийн иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо. Багийн дарга нар иргэдэд мэдээллээ гарын авлага болгон хүргэж, сар бүр айл өрхүүдийн судалгааг авч, хүн ам, өрхийн судалгааг баяжуулан шинэчилж, судалгаан дээр үндэслэн төрийн үйлчилгээг бодитой авах боломжийг бүрдүүлэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Багийн дарга нар малчид иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан тухай зургаар баримтжуулан ажиллах нь ажлын нэг томоохон үзүүлэлт болно гэж бодож байна. Төсөвт байгууллагууд багуудтай шифийн харилцаа холбоотой ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь их үр өгөөжтэй ажил болж байна. Мөн төрийн албан хаагч бүрт таван өрхийг хуваарилан өгч, мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох албан байгууллага, мэргэжилтнүүдэд хүргэн ажиллаж байна.
Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж байгаа. Танай сум үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна вэ?
Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд манай сум дээрх санаачилгыг дэмжин ажиллаж, 2016, 2017 онуудад сумандаа “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шагнаж урамшууллаа. Тэндээс шалгарсан иргэдийг аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулж туршлага солилцуулж байна. Мөн бүтээгдэхүүнээ борлуулахад нь туслах зорилгоор нутгийн зөвлөл, ард иргэдтэй хамтран ажиллаж байна. Манай сумын иргэдийн ихэнх нь мал аж ахуй эрхлэдэг тул сүү, цагаан идээний үйлдвэрлэл ойрын жилүүдэд эрчимтэй өсч байна. Иймд цагаан идээ үйлдвэрлэж буй иргэдээ дэмжих зорилгоор сум хөгжүүлэх сангийн зээлийг түлхүү олгож, үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцсоор байна. Сумын үндсэн бренд бүтээгдэхүүн болох Дүнгээ уулын арц, сонгино, цагаан идээ, сур суран бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сайн мэддэг болж, борлуулалт ч сайн байна.
Ойрын жилүүдэд Баянхайрхан сум хэрхэн хөгжих бол?
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлснээр ард иргэдийн амьжиргаа дээшилж, сум орон нутгийн хөгжлийн гол түлхүүр болно гэж бодож байна. Тэс сумын махны үйлдвэрийг түшиглэн Арц суурь боомтоор мал мах гаргах бодлогын хүрээнд стандартад нийцсэн мал махыг бий болгох, эрүүл байдлаа хадгалах зорилгоор малын вакцинжуулалт, тарилга туулгалтыг цаг тухай бүрд нь горимын дагуу хийлгэх, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг бий болгох талаар малчидтай хамтран ажиллах бодлого барьж байна. Ингэснээр малын тоо бус чанар сайжирч, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй бий болох боломж бүрдэх юм. Манай сум нь Хангайн уулархаг бүс нутагт оршдог, нийт газар нутгийн 15 хувийг буюу 26.262 га талбайг ой эзэлдэг тул мод, модон эдлэл үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ суурилан хөгжих гарц бий хэмээн харж байна.
Баярлалаа