"АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН"-Ы ХҮРЭЭНД ХӨДӨӨГИЙН 86 БАГИЙН 8000 ГАРУЙ ИРГЭНД ТӨРИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ
1049 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, тэдний саналыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албаны ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжсэн билээ. 2016 оны 9-р сараас хойш “Ард иргэдээ сонсох аян”-ыг 4 удаа зохион байгуулж, тус аяны хүрээнд энэ жилээс “Төрийн цогц үйлчилгээг багт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 8-р сарын сүүлээр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа нараар ахлуулсан ажлын хэсэг, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн 66 багийн  6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэж ажилласан юм. Тэгвэл энэ удаад Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Алдархаан сумын 20 багийн 2000 гаруй иргэнд төрийн цогц үйлчилгээг хүргэлээ. Ингэснээр хөдөөгийн 86 багийн 8000 гаруй иргэний санал хүсэлтийг сонссоноос гадна 2018 оны ажлын тайлангаа тавьж,  ард аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авлаа. Мөн сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснээс гадна урлагийн тоглолт, үсчин гоо сайхнаар үйлчиллээ. Багийн Засаг даргад  мотоцикль, зөөврийн компьютер олгосон бол багийн эмчийн эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг нэмэгдүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-10-15 18:34:47