Завхан аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Эмэгтэйчүүдийн чуулган”-ыг өргөн дэлгэр зохион байгуулав. Чуулганд 24 сумын 300 гаруй бүсгүйчүүд оролцлоо. Хөдөөгийн баг бүрээс хоёр малчин эмэгтэйг оролцуулснаар нийт төлөөлөгчдийн 80 гаруй хувь нь төлчин эмэгтэйчүүд оролцов. Чуулганы үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа "Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр, МУГЖ Н.Батцэцэг "Амьдралыг урлах эмэгтэйчүүдийн тактик" сэдвээр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн У.Батзаяа "Жендерийн эрх тэгш байдлын талаарх ойлголт" сэдвээр, "Эвсэг хас" сангийн тэргүүйн Болор-Эрдэнэ "Малчин эмэгтэйчүүдийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж" сэдвээр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмч Г.Отгонням "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
“Эмэгтэйчүүдийн чуулган”-ы нэгэн чухал хэсэг бол бүлгийн сургалтууд байв. Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилтын хүрээнд бүсгүйчүүд сүү цагаан идээ, хатуу, зөөлөн оёдол, эсгий урлал, зүү ороох оёдол, үсчин, гоо заслын чиглэлээр зургаан төрлийн бүлгийн сургалтад хамрагдаж, сурсан мэдсэн зүйлээ өөр өөрийн сум, багийнхаа эмэгтэйчүүдэд зааж сургахаар боллоо. Ингэснээр өрхийн үйлдвэрлэл нэмэгдэх боломж бүрдэх юм.
Чуулганы хоёр дахь өдөр “Уран сэтгэмж-2018" эмэгтэй урт үсний үдшийн гоёл, самналтын уралдаан, "Шилдэг үйлчин-2018" уралдаан болов. Мөн бүсгүйчүүд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор “Сайн үйлсийн аян” зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нярайн амьсгалын аппарат бэлэглэлээ.
Б.Оюун-Эрдэнэ