Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг тул хүний хөгжилд онцгой анхаарч аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн багш” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй Завхан аймаг дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Баярын хурлын үйл ажиллагаа багш нарын ёслолын парадаар эхэлж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Сайн багшаас сайн шавь төрдөг. Сайн шавь ирээдүйд эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин болно. Тиймээс Завхан аймаг багш нараа чадваржуулах, бэлтгэсэн сурагчдынх нь амжилтаар багшийн амжилтыг бодитоор үнэлж, урамшуулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчийн бэлтгэсэн багшийг 10 сая төгрөгөөр, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийн багшийг 800 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хавар элсэлтийн ерөнхий шалгалтад шавь нар нь 800 оноо авсан “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б.Нямдаваа, Б.Наран-Эрдэнэ нарыг тус бүр 800 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав. Мөн улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, "Эх хэлний их сорилго" олимпиадад шагналт байр эзэлсэн Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэг, Завхан аймагт 1111 харваач бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн Санжаасүрэн нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнав. “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд “Сумын сайн багш” болзол гаргасны дагуу 2017-2018 оны хичээлийн жилд бэлтгэсэн сурагчдынх нь гаргасан амжилт, сурлагын түвшиний өсөлт зэрэг үзүүлэлтээр 24 сумын шилдэг 24 багшийг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий хонин сүргээр шагнаж урамшуулав. Сумын сайн багш нарын шагналд 24 багшид 480 халзан цагаан хонь гардуулав.
Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр есөн багш, Засгийн газрын шагнал "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр дөрвөн багш, БСШУСЯамны "Жуух бичиг"-ээр 10 багш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Жуух бичиг"-ээр хоёр хүн, Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр таван багш, Боловсрол соёл урлагийн газрын шагнал "Арга зүйч багш" тэмдгээр 19 багш тус тус энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.
Б.Оюун-Эрдэнэ