МҮОНРТ, ХСҮТ, ХААН банк хамтран 2011 оноос эхлэн хэрэгжүүлж буй "Хавдрын эсрэг хамтдаа" аяныг энэ жил улаан хоолой, ходоодны хорт хавдар өндөртэй баруун гурван аймагт зохион байгуулж байна. Тэгвэл ХСҮТ дөрөв дэхь аймгаараа Завхан аймгийг сонголоо. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт хавдрын шалтгаант нас баралт ордог. Тиймээс хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, эрт илрүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс онцгойлон анхаарал хандуулж ХСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Энэ удаад ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхээр ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Завхан аймагт ажиллаж, Ахмадын баяр, Эмэгтэйчүүдийн чуулган, Багш нарын баяр, Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтад оролцсон 800 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Мөн “Монос трэйд” ХХК хамтран ажиллаж, хөдөө орон нутгаас анх удаа Завхан аймагт өөрийн шинэ бүтээгдэхүүн болох 9.2 сая төгрөгийн үнэ бүхий 1200 ширхэг түргэн оношлуурыг хандивлав.
Хавдрыг эрт илрүүлж чадвал бүрэн эдгэрэх боломжтой өвчин юм. Харамсалтай нь өнгөрсөн онд л гэхэд Завхан аймгийн хэмжээнд 211 хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс ердөө 19-хөн хүнийг эрт үед нь илрүүлжээ. Тиймээс иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байхыг ХСҮТ-ийн эмч нар зөвлөв.
Б.Оюун-Эрдэнэ