"Бадархундага-2018" яруу найргийн 12-р их наадам, баруун бүсийн зохиолчдын уулзалтыг 2018 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Тус наадамд нийслэл хот болон 17 аймаг, Завхан аймгийн есөн сумын 103 яруу найрагчийн 300 гаруй бүтээл иржээ. Хоёрдугаар шатанд шилдэг 36 яруу найрагч шүлгэн хүлгээ сойж, тэргүүн байрыг Дундговь аймгийн уугуул яруу найрагч О.Элбэгтөгс хүртэж цом, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа. Дэд байрт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, гутгаар байрт Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрт Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул яруу найрагч А.Бөхням, тусгай байрт Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн нар тус тус шалгарлаа.
"Бадархундага-2018" яруу найргийн 12-р их наадмын үеэр баруун бүсийн зохиолчдын уулзалт амжилттай болж 70 гаруй яруу найрагч, зохиолчид оролцлоо. Цаашид зохиолч, яруу найрагчид жил бүр нэг аймагт чуулж, баруун бүсийн яруу найрагч зохиолчдын бүтээлийг олон нийтэд сурталчилах, хамтран ажиллах, аймаг бүртээ утга зохиолын өргөөтэй болох, үйл ажиллагаагаа тогтмолжуулах, өргөжүүлэх зэрэг олон талт ажлыг хамтран зохион байгуулахаар болов. Ирэх жил Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн 70 жил, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойг угтан “Дорнын найрагчид” цуврал ном, “Хөх манхан тэнгэртэй Цагаан уулынхан” шигшмэл шүлэг, үргэлжилсэн үгийн зохиолын хос ном хэвлүүлэхээр төлөвлөжээ. Ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Очирвааны их эгшиглэн” яруу найргийн наадам Завхан аймагт болно.