"ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018" УЛСЫН НАЙМДУГААР УРАЛДААНЫ ГРАНПРИ ШАГНАЛ ХҮРТЭВ
635 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БСШУСЯам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд орон нутгийн театрын бүсчилсэн "Шилдэг бүтээл-2018" улсын наймдугаар уралдаан Завхан аймагт болж баруун таван аймгийн 150 гаруй уран бүтээлч оролцов. Уралдаанд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр Э.Оюуны зохиол “Хэзээ ч мартахгүй”, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр Э.Оюуны орчуулга, Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл”, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр Э.Оюуны найруулга Ч.Лодойдамба, С.Баярсайханы цомнол “Гарын таван хуруу”, Ховд аймгийн Хөгжимт драмын театр Э.Оюуны орчуулга, Карло Гольдони “Хоёр эзний нэг зарц”, Увс аймгийн Ойрад театр Э.Оюуны зохиол “Дорлиг сэрлээ” жүжгээр тус тус оролцов.

 

“Шилдэг хөгжмийн зохиолч” номинацийн тэргүүн байрыг "Гарын таван хуруу" транс авангард, мюзикль жүжгийн хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар, “Шилдэг гол дүр” номинацийн дэд байрт “Гарын таван хуруу” жүжгийн Шагдарын дүрээр жүжигчин Д.Бат-Ундрах, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацийн тэргүүн байрт “Гарын таван хуруу” жүжгийн Чулууны дүрээр жүжигчин Ц.Цогтбуян нар тус тус шалгарч уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ГРАН ПРИ шагналыг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгээр хүртлээ.

Энэ үеэр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, Монголын театрын музейгээс Э.Оюуны амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид, үзэгчдэд толилуулав.

 

Баруун таван аймгийн театруудын тоглолтын дараа зохион байгуулах хороо болон шүүгчид уран бүтээлчидтэй уулзалт, ярилцлага өрнүүлж, мэргэжлийн сургалт зохион байгуулсан нь орон нутгийн уран бүтээлчидийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-10-22 10:00:04