"ЗАВХАН ТҮНШЛЭЛ-2018" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
599 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг "Завхан түншлэл-2018" үзэсгэлэн худалдаа, ургацын баярыг амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд Завхан аймгийн 16 сум, Булган, Сэлэнгэ, Ховд, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, 70 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид бусад аймаг, хотын үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлснээрээ онцлог байв. Завхан аймаг жилд хоёр удаа зохион байгуулж, орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, сурталчилах боломжийг олгодог тус үзэсгэлэнд сүү, цагаан идээ, үндэсний хувцас, гоёл чимэглэл, арьс, шир, мод модон бүтээгдэхүүн зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж, 37.8 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

 

Энэ үеэр Улаанбаатар хотоос урилгаар ирсэн сургагч багш нар үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан “Мөнгө болгох мянган санаа”, “Онлайнаар санхүүгээ хөтлөх, удирдах, хянах боломж” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, зөвлөгөө мэдээлэл өгөв.

Үзэсгэлэнгийн Гран при шагналыг жил бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, амт чанараа сайжруулж буй Завхан аймгийн “Мөнхөд мандаг” ХХК хүртлээ. Мөн хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сум, шилдэг хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шилдэг хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнийг тус тус шалгаруулж урамшуулав. Үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Завхан аймгийн Яруу сумын иргэн Л.Нандинцэцэгийн цагаан идээ шалгарлаа.  Энэ үеэр Завхан аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид Булган, Ховд аймгийн үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-10-23 16:02:10