Ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн баярын нээлтийн үйл ажиллагаа болж, Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Баярын нээлт, ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар, ахмад дайчдын төлөөлөл, тулалдаанд оролцож эх орон, ард түмэн, газар шорооныхоо төлөө бүлээн цусаа урсгаж, амь биеэ үл хайрлан тэмцэж явсан баатруудын үр хүүхдүүд, төрөл төрөгсөдийн төлөөлөл оролцлоо.
Баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож явсан, одоо орон нутагтаа амьд сэрүүн аж төрж буй 14 ахмад дайчдыг шагнав.
Ойн үйл ажиллагааг орон нутагтаа амьд сэрүүн аж төрж буй ахмад дайчин С.Түмэнбилэгийн төрсөн нутаг Цагаанчулуут суманд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай дурсамж уулзалт зохион байгуулж, хүүхдүүдэд 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын тухай түүхэн мэдээллийг өгч, ахмад дайчин С.Түмэнбилэг дурсамж яриа өрнүүлж, түүхэн ялалтын үнэ цэнэ, эх орноо хайрлах, түүнийхээ төлөө хэрхэн тэмцэх талаар ярилцаж, хүүхдүүдийн зүгээс урлагийн мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн ахмад дайчин С.Түмэнбилэгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан бол аймгийн Засаг даргын захирамжаар түүнд нэг сая төгрөгийн тэтгэмж олгосныг батламж, гарын бэлгийн хамт гардуулав. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд таваас дээш эрэгтэй хүүхэд төрүүлэн өсгөж, тэднийгээ бүгдийг нь цэргийн алба хаалгасан Цагаанчулуут сумын найман ээжид “Очирваанийн хишигтэн” хүндэт өргөмжлөл, цацлын хамт гардуулан өгч алдаршууллаа.
Завхан аймагт аж төрж буй баруун хилийн тулгаралтад оролцож явсан Цагаанчулуут сумын харьяат ахмад дайчин С.Түмэнбилэг, Улиастай сумын харьяат ахмад дайчин Г.Гоодрог нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа. Мөн Байтаг богдын тулгаралтад оролцож алтан амиа өргөсөн байлдааны гавьяаны улаан тугийн одонт хилчин Н.Дандархайдавын үр хүүхэд, орон нутгийн удирдлага хамтран түүний хөшөөг төрөлх нутаг Завхан аймгийн Их-Уул сумын төвд босгов.