ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.АЛТАНЖАРГАЛ: СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ 56 ИРГЭНД 133 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЛОО
1050 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 Шилүүстэй сум сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байна вэ. 2018 онд хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?

 

Сум орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нилээд үр дүнтэй байж 2018 онд олон ажил хийгдлээ. Тухайлбал, сум дундын эмнэлэг улсын төсөв болон аймаг, сумын ОНХС-ийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо. Сургуулийн дотуур байрны дээврийг ОНХС-ийн таван сая төгрөгөөр шинэчилж, Мерси кор ОУБ-ын 44 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр  Сайхан, Баян-Улаан багуудад инженерийн хийцтэй хоёр худаг, аймгийн төсвийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чандмань багт мөн инженерийн хийцтэй гүний худаг гаргалаа. Улсын төсвийн 300 сая төгрөгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийг байгуулснаас гадна Сумд дундын эмнэлгийн тавилгыг  шинэчиллээ.  Хөдөөгийн  гурван багийн Засаг дарга, сумын төвийн багийн Засаг дарга, Баян-Улаан багийн эмчийг тус тус унаажууллаа. Багийн Засаг дарга нарын компьютер шинэчлэлт хийлээ. Улсын төсвийн 7.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Утасгүй WIFI сүлжээнд холбогдоод байна. ОНХС-аас 9.5 сая төгрөг, нутгийн бизнесмен “WLM” ХХК-ийн захирал Н.Мөнхбаясгалангийн 6.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн гэрэлтүүлгийг 1.8 дахин нэмэгдүүллээ.

 

Танай суманд хүүхдийн хөгжилд чиглэсэн олон бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ?

 

Тиймээ, өнгөрсөн жил 81 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сурагчдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор био нойлыг ашиглалтад оруулсан. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн “Олон нийтийн оролцоотой сургууль” төслийн хүрээнд 16.9 сая төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах төв ажиллаж байна. Сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд төгсөгчид, хандивлагчдын дэмжлэгээр 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон сайхан ажлууд хийгдлээ. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын талбайтай болсноос гадна  сумын Засаг даргын захирамжаар “Хүүхдэд ээлтэй дотуур байр“ аян өрнүүлж, төрийн албан хаагчид, багийн иргэдийн дэмжлэгээр байгууллага, баг тус бүр нэг тасаг тохижууллаа. Энэ аяны үр дүнд малчдын хүүхдийн дотуур байранд амьдрах орчин сайжирч,  нийт 18 тасгийг бүрэн засварлан тохижууллаа.

 

Ажилгүйдлийг багасгах, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх тал дээр ямар шинэлэг ажлууд хийж байна вэ?

 

Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 51 өрхийн дааман хаалгыг шинэчилж,  хашааг засварлах  ажлыг зохион байгууллаа. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт маш удаашралтай, чанаргүй зээлдэгч  нар олон байлаа. Зээл авсан иргэдэд удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлэх, олон нийтэд нэрээр нь мэдээлэх, эвлэрүүлэн зуучилахад хандснаар сангийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж  133 сая төгрөгийн зээлийг 56 иргэнд олгож, хуваарийн дагуу төлөлтөө хийгээд явж байна. Зээл авсан иргэдээс Н.Мөнхтөр сумандаа барилгын материал блок, хавтан хийж, Н.Батмөнх хүнсний ногоогоор сумын иргэдээ ханган ажиллаж байна. Малчин ард иргэддээ өвөлжөөний хашаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайн саравч” үйл ажиллагааг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 79 малчин өрх хашаа хороогоо шинэчлэн засварлалаа. Орон нутагт баригдаж буй барилга дээр 15 иргэн, хогийн цэвэрлэгээ, нийтийг хамарсан ажилд зорилтот бүлгийн 20 иргэн, өвөлжөө, хашаа хорооны засварт 10 иргэнийг  ажиллуулж түр ажлын байраар хангалаа. Хогийн цэгийг ландфилийн аргаар устган, шинээр хогийн цэгийг байгуулах ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Сумын хурлын төлөөлөгчид малчдын хаваржаа, намаржааны нутагт хороо барих ажлыг эхлүүлснээр хөдөөгийн хоёр багт хороо барилаа.

 

Ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, асуудлуудыг нь шийдвэрлэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна?

 

Долоо хоног бүрийн Даваа гаригт хууль сурталчилах зорилгоор хуулийн сургалтуудыг хийж, тухайн долоо хоногт  ямар ажлууд хийгдэв, шинэ долоо хоногт ямар ажлууд хийх тухай мэдээллийг төрийн албан хаагчдад өгч, хуваарилсан айл өрхүүддээ мэдээ мэдээллийг хүргэх зорилт тавин ажиллаж байна. Төрийн албан хаагч бүр 3-4 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхийн судалгаатай болсноос гадна иргэдийнхээ санал бодлыг сонсон ажиллаж байна. Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг аль болох хурдан, шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд анхаарч долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгч байна. Мөн төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор олон ажлыг санаачилан зохион байгуулж байгаагаас гадна иргэдээ сонсох утас ажиллуулж байгаа.

 

Хөдөө аж ахуйн салбарт хийсэн шинэлэг ажлуудаасаа хуваалцаач. Малчдаа дэмжсэн ямар бодлого баримталж байна вэ?

 

Мал маллах сонирхолтой, мал аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай ажиллаж буй  малчдаа 80 толгой, төрийн албан хаагчдаа 30 толгой төллөх бог малаар  малжуулах  ажил хийгдлээ. Энэ арга хэмжээнд 27 малчин өрх, найман төрийн албан хаагчид хамрагдлаа. Мөн бог малын үржлийн үйл ажиллагаа доголдолтой байгааг анхаарч Дөрвөлжин сумаас буурал омгийн 27 ухна ишгээр сүргийн бүтцэд өөрчлөлт хийх арга хэмжээ авлаа. Шилмэл омгийн арван хуц нийлүүлэх хэлэлцээр хийлээ. Малчдадаа урам зориг өгөх, тэргүүн туршлага солилцох, хөдөлмөрийг үнэлэх, өөрөөрөө бахархах бахархлыг бий болгох зорилгоор “Сайн малчдын зөвлөлгөө”-нийг  жил бүр зохион байгуулж,  улс, аймаг, сумын аварга малчдаа алдаршуулан  урамшуулдаг боллоо. Аймгийн аварга малчин 11, анх удаа ”Алтан тугал”-ын эзнээр Хөгжил багийн малчин П. Лхагвабаатар тодорсон сайхан амжилт бүтээлээр дүүрэн байна. Малчдынхаа тэргүүн туршлагыг улс орон даяар таниулан сурталчилах “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэгт Баян-улаан багийн аймгийн сайн малчин Д.Ишжамц, Хөгжил багийн малчин  Г.Дамдинсүрэн нар оролцлоо. “Малчин эмэгтэйчүүдийн чуулган”-ыг хоёр жил дараалан зохион байгуулж, сургалт, мэдээлэл, эрүүл мэндийн үзлэг, уралдаан тэмцээн, цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргаж, хамгийн багадаа 3-4 сая төгрөгийн борлуулалт хийдэг боллоо. Бэлчээрийн даац хэтэрч байгаатай холбогдуулан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран бэлчээрийн даац, эрсдэлд судалгаа гарган иргэддээ танилцуулж, Бэлчээрийн эрсдлийн сантай боллоо. Завхан аймгийн анхны хөдөлмөрийн баатар тэмээчин Т.Бумбаагийн нэрэмжит аймгийн аварга тэмээчний шагналыг хоёр дахь жилдээ Дөрвөлжин,  Ургамал сумын тэмээчдэд олголоо.

 

Хүйтний эрч чангарч эхэлж байгаа энэ үед мэдээж өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг сайн базаасан болов уу. Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байгаа вэ?

 

Сум орон нутгийн тухайд хавартаа эрт ногоо идсэн, зун оройхон болсон тул  өнгөрсөн жилийг гүйцэх хэмжээний өвс ургасангүй . Гэхдээ зөвхөн сумын мал онд орох боломж байгаа гэж бодож байна. Ойрын өдрүүдэд цас нилээд орлоо. Арван нэгдүгээр сард дулаахан байх төлөвтэй, цаг агаарыг олон талаар шинждэг туршлагатай малчидтай уулзахад энэ өвөл дажгүй онд орох байх гэж ярьцгааж буйг сонсоод амны билгээс ашдын билэг гэж бодон хангай дэлхийдээ залбирч сууна даа. Төсвийн байгууллагууд боломжоороо өвөлжилтийн бэлтгэлээ хийсэн. Өвс хадлан бэлтгэх шаардлага тавьж, төрийн байгууллага тус бүр нэг зуун уут таанын хомоол бэлтгэлээ. Орон нутагт улсын тэжээлийн фондтой байгаа нь давуу тал юм.

 

Шилүүстэй сум ямар салбараа түшиглэн хөгжих боломжтой вэ. Цаашдын хөгжлийн чиг хандлага. Ойрын жилүүдэд хэрхэн хөгжих бол?

 

Сумын 505 өрхийн 58 хувь буюу 283 нь малчин өрх тул мал аж ахуйгаа түшиглэн амьдарч байна. Манай сум төв суурингаас алслагдсан тул үйлдвэрлэл үйлчилгээний бизнес хөгжих боломж төдийлөн сайн биш. Тиймээс мал аж ахуйгаа таваарлаг талаас нь хөгжүүлэх л илүү боломжтой. Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран “Өвлийн идэш” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жил малчдын захиалгыг нутгийн зөвлөлд хүргүүлж, малчин  захиалагчийг холбох бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Баярлалаа

 

2018-11-05 09:16:47