ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.БОЛД: 2018 ОНД НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЛЭЭ
862 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 он дуусахад нэг сар гаруй хугацаа үлджээ. Энэ онд танай суманд хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар хоёулаа яриагаа эхэлье. Нийт хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийв?

 

2018 он манай сумын хувьд бүтээн байгуулалтын ажил ихтэй байлаа. Улсын төсвийн 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дотуур байрын их засварын ажил хийгдээд одоогоор дуусах шатандаа явагдаж байна. 2015 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдсан, 2016 онд 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтанд орж, энэ онд дотуур байраа их засварт оруулж хүүхдийн сурч  боловсрох орчин нөхцөл сайжирч байна. Мөн дотуур байрандаа малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөөг” байгуулах ажил өрнөж байна. Манай сумын хамгийн хүндрэлтэй асуудал болох зөөврийн ундны усны асуудлаа энэ жил шийдвэрлэж чадлаа. Цагаанчулуут сум байгуулагдсан цагаасаа хойш шийдвэрлэж чадаагүй ажлыг аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилгаар НҮБ-ийн МОН/16/301 төслөөс 25 сая төгрөг, Тайваны төлөөлөгчийн газраас 43.7 сая төгрөг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас хоёр сая төгрөгийн төсөвт зардалтайгаар “Ган” ХХК-иар гүйцэтгүүлснээр сумын албан газрууд дотор хананаасаа усаа авдаг, айл өрхүүд сумын доторх ус түгээх цэгээр үйлчлүүлэх боломжтой болохын зэрэгцээ төвийн шугам сүлжээндээ ойрхон айл өрхүүдийг цэвэр ус, дулаанд холбох ажил хийгдэж байна. Мөн манай сум нэгдсэн халаалтын системд холбогдоод байна. Төвлөрсөн нэг уурын зуухтай болох ажлыг “Ган” ХХК өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Нэгдсэн халаалтад холбогдсоноор бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд цэвэр, дулаан орчин нөхцөлд ажиллаж, амьдрах боломж бүрдэж, цаашид сум орны хөгжил дэвшилд ахиц дэвшил гарах үүд хаалга нээгдэж байна.Түүнчлэн  Арц багийн нутагт орших Ар шандны булгийг түшиглэн мал, амьтны бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, усны нөөц бүрдүүлэх зорилгоор найман метрийн өргөн, 28 метрийн урттай, 3.5 метрийн гүнтэй хөв цөөрөм байгууллаа. Уг хөв цөөрмийг байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 7.3 сая төгрөгийг төсөвлөж, ард иргэдийн оролцоотойгоор нийт 9.5 сая төгрөгийн зардлаар “Ундарга-Алтай” ХХК нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэлээ. 2018 онд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 480 сая төгрөгийн бүтээн байгуулалт, хувийн компаний хөрөнгө оруулалт нийлээд нэг тэрбум гаруй төгрөгийн  бүтээн байгуулалт хийгдсэн сайхан жил байлаа.

 

Энэ жил Завхан аймгийн бүх сум өөр өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан сумаа гоё сайхан болгож, өнгө үзэмжээ сайжруулахад анхаарч ажиллалаа. Танайх сумаа хэрхэн гоёв?

 

Сум бүр “Миний гоё” сум аяны хүрээнд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан хийж чадах ажлуудыг гүйцэтгэсэн байх. Манай сумын хувьд бүх албан байгууллага гадна талын өнгө үзэмжээ сайжруулах, хайс хамгаалалт хийх, гэрлэн хаяг, гэрэлтүүлэг хийж, айл өрхүүд нь хашаа хороогоо засварлан будаж, зосдох гээд олон төрлийн ажил хийж гүйцэтгэлээ. Хөдөөгийн багуудын зам давааны хог цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг ард иргэдийнхээ оролцоотойгоор дарж булах ажлыг хийж эхлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.

 

Төрийн албан хаагчид айл өрхүүддээ мэдээ мэдээллийг хүргэх, туслах төр-иргэнийг холбосон гүүр болон ажиллаж байгаа. Төрийн үйлчилээг иргэдэд чирэгдэлгүй, чанартай, шуурхай хүргэх тал дээр ямар шинэлэг ажлууд санаачилан хийж байна вэ?

 

Сумын нийт төрийн албан хаагчдадаа гурав, гурван өрх хариуцуулж, албан хаагч бүрт “Төрийн үйлчилгээг өрхөд” гэсэн гарын авлага бэлтгэн хүргэж, гарын авлагын агуулгын дагуу сар бүр мэдээллийг хүргэж, тэмдэглэл хөтөлж, тэдний санал хүсэлтийг холбогдох газарт нь уламжлан ажиллаж хэвшээд байна. Мөн байгууллагууд хариуцан ажиллаж байгаа өрхүүддээ мэдээлэл хүргэсэн талаарх тайлангаа улирал бүр нэгтгэж байна.

 

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилт тавьж өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байгаа. Танай сумын хувьд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна?

 

“Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих уриалгыг ард иргэдэд сурталчилан өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр сум орон нутгийн хэрэгцээг хангах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаа, “Завхан түншлэл-2018”, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаануудад үйлдвэрлэгчдээ оролцуулж бүтээгдэхүүнээ борлуулж сурталчиллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн байрандаа талх нарийн боов, хэрчсэн гурил, зөөлөн оёдол, мод модон эдлэлийн үйлдвэрлэл явуулж дулаан гутал үйлдвэрлэлийг дэмжин сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгон дэмжлэг үзүүлэн ажилласан. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт муу байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 37 сая төгрөгийн зээлийг найман  иргэнд олгон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.

 

2018 онд шинээр хичнээн ажлын байр бий болгов. Цаашид ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

 

Сум бүтээн байгуулалтын ажил ихтэй байсан учир гүйцэтгэгч компаниудтай тохиролцсоны үндсэн дээр ажиллах хүчнийг орон нутгаас олноор нь авч ажиллууллаа. Шинээр 12 ажлын байр бий болсон. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүд байгуулах шаардлагатай гэж үзэж байна.  Албан газруудын галч нарыг төвлөрсөн халаалт тавьж байгаа компанид 14 хоногийн хугацаатайгаар цалинтай дадлагажуулах сургалтад хамруулж ажиллуулаад байна.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангав?

 

Сум нэгдсэн халаалтын системд холбогдож төсөвт байгууллагууд найдвартай дулааны эх үүсвэртэй боллоо. Бэлчээрийн ургац 1.9 ц/га,  зуншлага оройтсон боловч нийт нутгаар ургамлын гарц дунд зэрэг, бэлчээрийн даац Арц багийн нутагт хэтрэлттэй бусад багуудад боломжийн байна. Сумын аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, малчид, мал бүхий иргэд байгалийн хадлан 111.5 тонн, ногоон тэжээл 14 тонн, хужир шүү 107.3 тонн бэлтгэж 169 суурьт 110 мянган мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэл ажил 87 хувьтай хангагдсан байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 22.1 мянган малд, угаалга 84.2 мянган малд, туулгалт 52 мянган малд, боловсруулалт 16 мянган малд, бруцеллёзын вакцин 20.5 мянган богийн төлд, бог малын мялзан өвчний вакцин 24.9 мянган богийн төлд хийж 36.3 мянган метр куб талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах, өрхийн орлого нэмэгдүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор 426 богийн хээлтүүлэгч, мал сүрэгт аттестатчилал явуулж, 16 мянган малыг худалдан борлууллаа. Аравдугаар сарын 1-ээс 36 мянган богийн хээлтэгчийг хээлтүүлэгт орууллаа.

 

Ярилцсанд баярлалаа

 

2018-11-06 02:21:44