АСГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.АНХБАЯР: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРАА БОДЛОГООР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
1005 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Асгат суманд хийж буй цаг үеийн ажлуудын талаар яриагаа эхэлье. Жилийн эцэс болоод ажил ихтэй байна уу?

 

Сайн, сайн байна уу? Сайхан намаржиж байнаа. Тэгэлгүй яах вэ. Жилийн эцсийн тайлан мэдээтэй холбоотой ажлууд ар араасаа ундарч байна даа. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, ИТХ-ын ээлжит хуралдааны бэлтгэл гээд л ажил мундахгүй л байна. Бас удахгүй жилийн эцсийн улсын мал тооллогын ажил эхлэх гэж байна. Бүтэн нэг жилийнхээ ажлыг дүгнэх, дараа жилийнхээ ажлыг төлөвлөх гээд ажил ихтэй байна даа. Энэ жил манай сумын тухайд цаг хангай ивээсэн, хийж хэрэгжүүлсэн ажил ихтэй сайхан жил боллоо.

 

Танай суманд зуншлага сайхан болсон гэж сонссон. Намаржаа ямар байв. Өвлийг өнөтэй давахад мэдээж бэлтгэл ажил чухал шүү дээ?

 

Тиймээ. Өнгөрсөн зун зуншлага сайхан байлаа. Хавар нь ч сайхан байсан. Мал сүү жилбэ сайтай төллөсөн. Малчид маань их сэтгэл тэнэгэр байсан. Одоо намар их сайхан болж байна. Цас бага, малын бэлчээр өвс сайтай байна. Мэдээж өвлийг өнөтэй давахад бэлтгэл ажил хамгийн чухал. Манай малчид, иргэд өвлийн бэлтгэлээ сайн базааж байгаа. Аймгийн Засаг даргын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах талаар гаргасан захирамж, албан даалгаврын дагуу ажлын  төлөвлөгөө гарган ажилласан. Энэ жил манай суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн хоёр компани 1500 орчим га талбайд улаан буудай, овъёос, хөх  тариа тарьсан. Тариа сайн ургаж, ургац хураалтын  ажил хугацаандаа дууссан. Манай сумын төдийгүй тойргийн сумдын малчид энэ хоёр компаний ачаар өвс тэжээл хангалттай авсан. Сумын аюулгүйн нөөцөд 2000 боодол өвс, 50 тонн улаан буудай нөөцөллөө.

 

2018 онд Асгат сумын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв. Ард иргэдээ ая тухтай орчинд амьдруулах, сумаа гоё сайхан болгоход хэрхэн анхаарч ажиллав?

 

Манай сум 1984 онд байгуулагдсан, Завхан аймгийн хамгийн отгон сум. Ид бүтээн байгуулалтын ажил явагдаж байх үед нь нийгмийн шилжилтийн үе таарч төлөвлөгдөж байсан барилга, байшин бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдэж чадаагүй юм билээ. Дээр нь 1992 оноос газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогсож ажлын байргүй болсон учраас айл өрх, иргэд олноороо шилжсэн зэрэг асуудлаас болоод нэг хэсэг Асгат сум байх уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байлаа. Төр засаг ч, иргэд ч нэг үе Асгат сум тарна, өөр сумтай нийлэх байх гээд бүтээн байгуулалтын чиглэлээр дорвитой юм хийхгүй хүлээлтийн байдалтай байсан. Би 2008 онд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа сумандаа анх хоёр давхар барилга барьж, иргэдийн хашаа хороог шинэчилэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг сумын Засаг даргатай хамтран зохион байгуулж байсан. 2010 онд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Баяндарь” ХХК-тай гэрээ хийж, газар олгон сумынхаа газар тариаланг  сэргээснээр иргэдийн итгэл бий болж эхэлсэн. Мөн хуучин уурын зуухны барилгыг сэргээн засварлаж, хоногт 25 тонн будаа тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг суурилуулан гурил үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр сумын эдийн засгийн үндэс болсон мал сүрэг маань өвс, тэжээлээр хангагдаж, өвөл хаврын хүнд хэцүү үеийг ажрахгүй давах боломж нөхцөл бүрдэж сумын тухайд эдийн засгийн чухал ач холбогдолтой ажил болсон юм. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  шинээр эмнэлгийн барилга баригдсан. Ингээд суурьшил нэмэгдэж, сумын өнгө төрх жилээс жилд өөрчлөгдөж, байшин барилгууд ч нэмэгдэн өргөжин тэлж, сум маань ч сум төрхөндөө орж байна. Цаашид Аймгийн Засаг даргын санаачилсан “Миний гоё сум” аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. 

 

Улсын болон орон нутгийн төсөв, ОНХСангийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийв?

 

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумандаа шинээр нөөцийн нэг худагтай болсон. Энэ худгийг түшиглэн ирэх онд бүх төсвийн байгууллага, зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалттай, дээр нь цэвэр устай холбох   ажлыг хийхээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчтэй хамтран хөөцөлдөж байгаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 140 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулаад байна. ОНХС-ийн хөрөнгөөр иргэдээс гарсан саналын дагуу 18 сая төгрөгөөр ухдаг, түрдэг универсал трактортой боллоо. Үүнийгээ ашиглаж сумынхаа хогийн цэгийг эмхэлж цэгцлэх, өвөл зам даваа онгойлгох, бусад газар шорооны ажил хийх юм. Мөн сумын төвийн нэг худгийг засварлаж, гал унтраах багаж хэрэгсэлтэй болсон. Дашрамд дурьдахад манай сум 2017, 2018 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн шалгалтаар сайн үнэлгээ авч энэ жил ОНХС-ийн хөрөнгө дээрээ урамшуулал авсан. Энэ нь бас ОНХС-ийн хөрөнгийг хэрхэн хууль дүрмийн дагуу бодитой, үр дүнтэй зарцуулж байгаагийн нэг илрэл, бидний ажлын үнэлгээ болж байгаа юм.

 

Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хийсэн шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

Монгол Улсын Засгийн газрын 2018  оны 258 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх үүднээс бүх төрийн албан хаагчдын семинар зөвлөгөөнийг хийж төрийн байгууллагууд дээрээ “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байгаа.  Мөн сумын Засаг даргын Тамгын газар дээр иргэдээ сонсох 98024664 дугаартай утсыг ажиллуулж байна. Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан “Дотоод хяналтын баг”-ийг сумын Засаг даргын захирамжаар байгуулан  ажллуулж байгаа. Бүх төрийн албан хаагчдад айл өрхүүдээ хуваарилан өгч, төрийн албаны мэдээ мэдээллийг түгээх ажлыг хийж  байна. Долоо хоногийн Даваа гариг бүрийг “Иргэдээ сонсох өдөр”, Пүрэв гариг бүрийг “Эрх зүйн мэдээллийн өдөр”, Баасан гариг бүрийг “Цэвэрлэгээний өдөр” болгон зарлалаа. Даваа гариг бүр Засаг даргын дэргэдэх шуурхай хуралдааныг зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногт хийх ажлаа төлөвлөн ярилцаж үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцдог болсон. Мөн сар бүр нэг байгууллага хийсэн ажлынхаа тайланг иргэдэд тайлагнадаг болоод байгаа. Сумын Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагууд дээр хурууны хээгээр цаг бүртгэдэг төхөөрөмжийг суурилуулж, цаг бүртгэлийн ажлыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна вэ?

 

Сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах журмаар өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр зээл олгож ирсэн. Одоогоор  сумын хэмжээнд иргэдэд 185 сая төгрөгийн зээлийг олгоод байна. Харамсалтай нь иргэд авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа явдал ажиглагддаг. Олгосон зээлийг зориулалтын  дагуу зарцуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулбал сум хөгжүүлэх сангийн зээл иргэдэд ч, сум орон нутагт ч маш хэрэгтэй хөрөнгө оруулалт байгаа юм. Зээл авсан иргэдтэй гэрээ байгуулж, зээлийг зориулалтын дагуу зарцуулах тал дээр хяналт тавьж ажиллаж байгаа боловч төдийлөн үр дүн гарахгүй байна. Өмнө нь зээл авсан иргэд зээлээ хугацаанд нь буцаан төлөхгүй байх явдал манайд их байсан. 2018 онд энэ талаар иргэдтэй нэлээд сайн ажиллаж Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхтэй хамтарч ажилласнаар зээлийн эргэн  төлөлт эрс  сайжирч, дөрвөн сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан сум хөгжүүлэх сангийн дансанд өнөөдрийн байдлаар 35 сая төгрөг эргэн төвлөрөөд байна. Цаашид бид энэ зээлийг аль болох үр дүнтэй бодит ажил болох төсөлд өгөх, сумын хэтийн бодлого төлөвлөлт рүү чиглэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэр, арьс шир боловсруулах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр,  фермерийн аж ахуйн чиглэлээр түлхүү хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж байгаа. Бид цаашид газар тариалангийнхаа салбарыг бодлогоор дэмжин тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, малын тэжээлийн үйлдвэр, мах, сүүний чиглэлээр фермийн аж ахуйг бий болгож, гахай, тахианы аж ахуйг давхар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн өрх бүр тодорхой чиглэлээр үйлдвэрлэгч болох  ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Ингэснээр  сумын ажилгүй иргэд ажилтай орлоготой болж, иргэдийн  амьжиргааны түвшин дээшилж, сум орон нутаг минь иргэдэд ээлтэй, ажиллаж амьдрах, хөгжих таатай орчин бүрдсэн сум  болно гэж үзэж байгаа.

 

Сумын хэмжээнд тулгамдаж буй асуудал бий юу?

 

Сумын Засаг дарга гэдэг бол орон нутагт төрийг төлөөлж байдаг төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч субъект. Тамгын газар бол түүний ажлын алба юм. Энэ утгаараа төрийн ажлыг орон нутагт шуурхай хэрэгжүүлж ажиллах ёстой. Үүний тулд тэдний ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгаа, ширээ сандал, техник хэрэгсэлээс өгсүүлээд төрийн албаны ажлыг хийхэд шаардагдах зүйл олон. Би  ярианыхаа эхэнд хэлж байсан, “Манай сум Завхан аймгийн хамгийн отгон сум, зах зээлийн нийгмийн шилжилтийн үетэй давхцаад төлөвлөгдөж байсан бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдээгүй юм  билээ” гэж. Үүний нэг нь манай сумын Засаг даргын Тамгын газар өөрийн байргүй өдий хүрсэн. Хуучин талхан цехийн барилгыг засварлаж  ЗДТГ-ын байр болгон ашиглаж байгаа. Албан хаагчид суух өрөө тасалгааны хүрэлцээ муу, нэг өрөөнд дөрөв, таваараа сууж ажлаа хийдэг. Дээр нь компьютер, техник хэрэгслээр дутмаг. Ажлын албаны унаа эвдрээд явахаа больсон. Энэ бүгд л өнөөдөр суманд тулгамдаж байгаа асуудал болоод байна. Мөн бэлчээр нутгийн асуудал манай суманд хүндрэлтэй байгаа.

 

Ирэх жил ямар шинэлэг ажил хийхээр төлөвлөж байна?

 

Ирэх жил ОНХС-ийн хөрөнгөөр иргэдээс ирсэн саналын дагуу сумын Эрүүл мэндийн төвд цус, шээсний анализатор аппараттай  болох, Соёлын төвийг техник хэрэгслээр хангах, худагт ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй болохоор төлөвлөөд байна. Мөн Мобиком корпорацитай хамтран “Цахим Асгат” төслийг  сумандаа хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар хийлгэх,  камержуулах, шинээр  цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэгдсэн халаалттай болох, мөн малын угаалгын  явуулын ваннтай болох зэрэг нэлээд ажлууд хийхээр төлөвлөөд байна. Аймгийн “Бэлчээр ашиглагчдын холбоо”-той хамтран “Сумын малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, “Бэлчээр ашиглалтын журам”  боловсруулж хэлэлцүүллээ. Мөн “Бэлчээрийн эрсдэлийн сан”-тай боллоо. Өнөөдөр бэлчээрийн  хууль байхгүй байгаа энэ үед малчдын дунд  бэлчээр нутгийн маргаан ихээхэн гардаг. Иймд “Бэлчээр ашиглалтын журам”-тай болчихвол их хэрэгтэй байгаа юм. Энэ журмыг малчдаараа хэлэлцүүлсэн. Одоо сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулна. Ирэх жил энэ чиглэлээр нэлээд ажил хийхээр төлөвлөж байна.

 

 

2018-11-12 18:28:12