УРГАМАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГЭРЭЛТ-ОД: 2018 ОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУР БУУСАН САЙХАН ЖИЛ БОЛЛОО
904 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Өвлийн тэргүүн сар хаяанд ирсэн энэ үед өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг хэр хангав. Өнгөрсөн зун газрын гарц ямар байв?

 

Сайн, сайн байна уу. Энэ жил сайхан намар болж байна аа. Яргуй дэлбээлсэн намрыг үзлээ. Өвөл өнөтэй болохын шинж гэж ахмадууд ам сайтай байгаад билэгшээж байна. Зун ч дэлгэр сайхан болж өнгөрлөө. Говьд ховор байдаг бороо хур энэ жил л нэг сайн орсон доо. Мал сүрэг маань тарга хүчээ сайн авсан. Наймдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын Засаг даргын захирамж гаргаж, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Мөн төсөвт байгууллагууд, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө  гарган хэрэгжилтэд хяналт тавьж, хийж хэрэгжүүлэх, дутуу  ажлуудыг холбогдох албан тушаалтанд хариуцуулан  ажиллаж байна. Үр дүнд нь өвөлжилтийн бэлтгэл одоогоор 70 гаруй  хувийн биелэлттэй байна. Энэ жил зуншлага сайхан болсон нь малчдад гар тэжээл ахиухан хэмжээгээр нөөцлөх боломж бүрдсэн. Сумын хэмжээнд нөөцөд бүрдүүлэх өвс тэжээлийг өөрийн аймгийн болон Ховд аймгийн сумдаас гэрээ байгуулан нийлүүлж байна. Манай суманд 229 өрхийн 106.970 толгой мал, үүнээс 9913 бод мал , 97057 бог мал өвөлжихөөр байгаа. Мөн Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх Бага хайрханы отрын бүс нутгийн 2018 оны зөвлөгөөнд сум орон нутгаас төлөөлөл болгон багийн дарга нар, малчдыг оролцуулж, малчдаа өвөлжүүлэх хамтын хэлэлцээрийг байгуулан ажиллаж байна. 

 

Дунд идэш, дулаан хэвтэр гэдэг. Өвөлжөө бууцаа хэр дулаалав. Энэ жил мал аж ахуйн салбар, малчид руугаа чиглэсэн ямар шинэлэг ажил хийв?

 

Говь нутаг бол хангай газартай харьцуулахад өвөлжөө, хаваржааны хашаа бууц тийм сайн биш, ихэнхдээ чулуун хашаа, нөмөр нөөцтэй газар өвөлжөөнүүд байрласан байдаг. Зарим нэг сайн хашаа, саравчтай газрууд бий л дээ. Малчид маань нөхцөл байдалдаа уялдуулаад нээж хааж, битүүлдэг шийдлүүдтэй хашааг хямд байдлаар шийдэн ашиглаж байна. Аймгийн Засаг даргын санаачилсан “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, малчдын арга туршлагыг харилцан солилцуулах, МАА-н салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Ургамал сумын “Малчдын зөвлөгөөн-2018” үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 160 малчин оролцсон. Тус зөвлөгөөнөөр аймгийн залуу малчдын зөвлөгөөнд оролцох 14 иргэнийг сонгон “Завхан аймгийн залуу малчдын зөвлөгөөн”-д оролцуулж, аймгийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг малчдадаа хүргэн ажиллаж байна. Малын чанарыг сайжруулах зорилгоор аймгийн цөм сүргийн үржлийн төвөөс Сартуул үүлдрийн 35 хуц, “Буурал” омгийн 10 ухныг иргэдийн захиалгаар худалдан авч малчдад нийлүүллээ. Мөн энэ зах зээлийн нийгэмд өрх бүр үйлдвэрлэгч байх, түүнийгээ зөв зохистой байдлаар захиран зарцуулах хөтлөх шаардлага гардаг. Иймд малчин өрхүүддээ өрхийн өврийн дэвтрийг хүргүүллээ. Малын гаралтай түүхий эд боловруулах, түүнийг зах зээлд гаргах нийлүүлэх тал дээр дэмжиж 2018 онд долоон малчин өрхөд 30 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгоод байна.

 

 Говийн суманд усан хангамжийн асуудал хүндрэлтэй байдаг. Танай сумын хувьд?

 

Өнгөрсөн оноос эхлээд жил бүр аль нэг багтаа гүний худгийг гаргуулан ажиллаж байгаа. 2017 онд улсын төсвийн хөнгөөр инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг Нуур зөөхий багийн “Улаан дэнж”-д, 2018 онд Швейцарын хөгжлийн банкны санхүүжилтээр Хульж багийн “Харганат толгой”-д гүн өрмийн худаг, гэр хорооллын дахин төлөвлөлт, сумын нэгдсэн халаалтын бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг Хүнгий дөрөвдүгээр багт шинээр гаргууллаа. Баян-Улаан багийн “Үзүүр нурам”-ын худаг, “Хуйхын худаг”-уудын засварын ажлыг ОНХС-ийн хөрөнгөөр засварлалаа. Цаашид усны хайгуулыг үе шаттай хийлгэх чиглэлээр дээд байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд тухайн багтаа энэ жил мөн хоёр худаг гаргаж өглөө.

 

Улсын хөгжил сумаас эхэлнэ. Сумын хөгжил дэвшлийг тодорхойлох, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудаасаа дурьдвал. Энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв?

 

Энэ онд бүтээн байгуулалт их засварын ажлууд ар араасаа цуварсан хөрөнгө оруулалтын хур буусан сайхан  жил болж байна. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн 205  сая төгрөгийн санхүүжилтээр спорт заалтай 160 хүүхдийн хичээлийн барилгын их засварын ажлыг  хийснээр сурагчдын тав тухтай, аюулгүй орчинд суралцах эрх хангагдлаа. Азийн хөгжлийн банкны 416 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрын их засварыг хийснээр дотроо нойл, халуун ус, угаалгын өрөө, цэвэр бохир устай болж дотуур байрын сурагчид тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломж бүрдлээ. Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг улсын төсвийн  98 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэснээр Эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдын ажлын байр, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдлээ.  Сумын “Спорт цогцолбор”-ыг 2017 оны ОНХС-ийн хөрөнгөөр байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулснаар сумын ард иргэд биеийн тамираар хичээллэх боломж нөхцөл сайжирч, ялангуяа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж байна. Энэ мэт олон сайхан бүтээн байгуулалтууд манай суманд сүндэрлэж, сумын иргэд ач тусыг нь хүртсээр байна.

 

Орон нутгийн хөгжилд орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгүүд нэлээд дэмтэй байдаг шүү дээ. Хэчнээн төгрөгөөр ямар ажлууд хийв?

 

ОНХС-ийн  хөрөнгө аливаа бүтээн байгуулалт, засварын  ажлууд хийхэд ихээхэн  дэмтэй байдаг. 2018 онд 8.5 сая төгрөгөөр сумын төвийн камержуулалт, таван сая төгрөгөөр нийтийн номын сангийн засвар, зургаан сая төгрөгөөр сургуулийн гадна хайс шинэчлэлт, халуун ус засварлахад хоёр сая төгрөг, сумын баяр наадам зохион байгуулахад таван сая төгрөг, нийт 26.5 сая төгрөгийг орон нутаг хөгжлийн сангаас зарцууллаа..

 

Энэ жил  Завхан аймаг "Миний гоё сум", "Эко Завхан" хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, сум бүр л өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан сумаа гоёж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Танай сумын тухайд?

 

 “Миний гоё сум“ төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Төгсөгчдийн ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлж, энэ жил шинээр 0.6 га талбайд 200 ширхэг модны суулгац тарилаа. Ирэх жилээс нутгийн зөвлөл болоод нийт төгсөгчидөө хамруулсан төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Албан байгууллага, айл өрхүүд 147 ширхэг модны суулгацыг өөрийн эзэмшлийн хашаандаа тариалснаар ногоон байгууламжаа нэмэгдүүлж, усалгааг тогтмолжуулаад байна. “Хоггүй сум” аян өрнүүлж таван багийн өвөл, хаврын бэлчээр дэх үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж устган, уул овоо, булаг шандны эх, голын ай савыг он гарсаар гурван удаа бүх нийтээрээ цэвэрлэж, хоггүй орчин бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ 11 сард нийтийн хогийн цэгээ түрж булшлан цэвэрлэхээр төлөвлөж эхний ухалтаа хийлээ. Мөн “Миний гоё сум” төслийн хүрээнд албан байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж, байгууллага бүр үүдэндээ гэрэлтүүлэг, гэрэлтдэг хаягтай боллоо.  “Сайн хашаа ” хөдөлгөөн өрнүүлж, үлгэр жишээ нэг өрхийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус аяны хүрээнд сумын төвийн өрхүүдийн 60  гаруй хувь нь  хашаагаа засварлан шинэчиллээ.

 


Ургамал сум ямар бренд бүтээгдэхүүнтэй вэ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжин ажиллаж байна. Энэ жил хичнээн ажлын байр шинээр бий болгов?

 

Манай сумын бренд бүтээгдэхүүн ингэний хоормог, ямааны сүүний ааруул, суль, сульхирийн гурил  байдаг. Манай нутгийн малчид маш хөдөлмөрч ард түмэн. Хонь, ямаагаа холбож саах, ингээ сааж хоормогоо гаргах гэх зэрэг уламжлалт арга ухаанаа орхилгүй өдий хүрсний  ач тусаар манай сумын бренд бүтээгдэхүүн ингэний хоормог, ямааны сүүний ааруул болоод байна. Ингэний хоормог бол хүний биед олон талын ач тустайгаас гадна буцалгаж халуунаар нь уувал ядаргаа тайлах увидастай сайхан идээ байдаг. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэдээ иргэдээс ирүүлсэн төслийн хүрээнд сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл тусламж олгохоос гадна тэдний бүтээгдэхүүнийг ард иргэдэд сурталчилан борлуулах талаар арга хэмжээ авч жил бүр “Ургамалд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, борлуулалт, бүтээгдэхүүний чанар, хүрэлцээг нь харгалзан шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч иргэнийг шалгаруулан урамшуулж хэвшлээ. Мөн аймгийн төвд зохион байгуулагддаг “Завхан түншлэл” үзэсгэлэн худалдаанд сумынхаа иргэдийн зардлыг хариуцан оролцуулж хэвшээд байна. Энэ жил 35 иргэнийг ажлын байраар хангалаа. Цаашид манай суманд  жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хивс, баяд гутал зэргийг хийх нөөц бололцоо харагдаж байгаа. Ер нь хамгийн үлгэр жишээч баялаг бүтээгчид бол ахмадууд, малчин эмэгтэйчүүд байна.

 

Ирэх жил бүтээн байгуулалтын ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

 

Нэн тэргүүнд Хүнгийн голын гүүрний асуудал, төвлөрсөн халаалт, шугам сүлжээ, ахуйн үйлчилгээний байр зэрэг олон ажлыг төлөвлөн хөөцөлдөж байна. Мэдээж зарим  ажил нь яам, тамгын газар гээд дээд шатны байгууллагуудаар шийдэгдэнэ. Сум өөрөө дунд болон урт хугацаанд төлөвлөгдсөн ажлуудаа  хийнэ. Мөн ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын барилга, Соёлын төвийн барилгын техник эдийн засгийн үндэслэлийг гаргуулж, зураг төсвүүдийг хийлгэнэ.  Усан хангамж сайжруулах тал дээр үргэлжлүүлэн анхаарч ажиллана. Хадлангийн талбайн хэмжээгээ нэмэгдүүлэн хайсжуулах, бэлчээр ашиглалтын журам  гаргаж мөрдүүлэх, нэгдсэн халаалттай болох асуудлыг сумандаа шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллах, эрүүл мэндийн болоод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, түүнийг байнгын ажиллагаатай болгох нь чухал болоод байна.

 

Ард иргэдээ соён гэгээрүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ? 

 

2018 онд ард иргэдээ сонссон, салбар бүрт тулгамдсан асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулсан олон ажил аймаг, сум орон нутагт хийгдлээ. Үүнээс гадна ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд зөөврийн номын сангийн үйлчилгээг тогтмолжуулж, хөдөөгийн багийн иргэдэд хүрч үйлчлэх ажил манай суманд тогтмолжсон. Төсөвт байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг иргэдэд тайлагнах, холбогдох дүрэм журмууд болон үйл ажиллагаатайгаа иргэдийг танилцуулах ажлын хүрээнд удирдамж гарган Засаг даргын Тамгын газраас баталсан хуваарийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж, ард иргэдийн дунд олон талын уралдаан тэмцээнүүдийг  зохион байгуулж хэвшээд байна.

 

2018-11-14 15:34:27